ВЛАДИМИР ПУТИН: ХҮН АМЫН ӨСӨЛТИЙГ ХАНГАХЫН ТУЛД НЭГ ГЭР БҮЛ ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орны хүн ам буурч байгаа энэ үед гэр бүлүүдийг дор хаяж гурван хүүхэдтэй байх хэрэгтэй гэжээ. Тэрээр өнгөрсөн пүрэв гаригт Калининград мужийн их сургуулийн оюутнуудад хандан үг хэлэхдээ тус улсын төрөлтийн талаарх асуултад хариулсан байна.
Тэрээр “Хүн амын өсөлтийг хангахын тулд нэг гэр бүл гурван хүүхэдтэй байх хэрэгтэй. Гэр бүл зохиох нь маш хэцүү үйл явц, ялангуяа эмэгтэй хүн сурч боловсрох, мэргэжлийн ур чадвараа хадгалахаас гадна хүүхдээ асрах шаардлагатай болдог. Тиймээс бид эхний ээлжинд залуу гэр бүлүүдэд туслахыг хичээж байна" гэжээ.
2023 онд Орост 1.213 сая хүүхэд мэндэлжээ. 1999 онд ердөө 1.215 сая хүүхэд мэндэлснээс хойш ийм бага түвшинд хүрч байгаагүй аж. Үндэсний статистикийн газар Росстат 2027 он хүртэл төрөлт буурах хандлагатай байгааг анхааруулж байгаа юм.
ОХУ-ын гэр бүлүүдийг олон хүүхэдтэй болгоход Засгийн газраас дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар Путин олон удаа ярьж байсан. Эрх баригчид 2018 оны эхээр гэр бүлийн ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлж, зээлийн хүүг дээд тал нь зургаан хувиар буюу одоогийн зах зээлийн ханшаас бараг гурав дахин бага байхаар тогтоож, орон сууцтай болох, гэр бүлүүдийг олон хүүхэдтэй болгохыг уриалсан. "DOM.RF" корпорацийн гүйцэтгэх захирал Виталий Мутко нэгдүгээр сард энэ схемийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 450 мянга гаруй иргэн байртай болсон гэжээ. Хүүхэдтэй гэр бүлд зориулсан хөнгөлөлттэй ипотекийн хөтөлбөр нь хүн ам зүйд эерэгээр нөлөөлж байгааг Оросын Үндэсний эдийн засгийн академийн судалгаагаар тогтоожээ.
https://www.rt.com/russia/591304-russian-families-need-three-children/