ОРОН СУУЦНЫ ҮНЭ 12.7 ХУВИАР ӨСЧЭЭ
Шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1 м.кв нь ₮5.9 сая байна
Орон сууцны үнийн индекс 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна.
Насжилтаар авч үзвэл хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар, шинэ орон сууцных 11 хувиар өсжээ. Сарын дүнгээр шинэ орон сууцны үнэ нэг хувиар, хуучин орон сууцных 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. 11 дүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь адилхан 4.97 сая төгрөг байжээ.

Өмнөх сарын байдлаар Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ дунджаар 5.9 сая төгрөг, хуучин орон сууцны үнэ 5.95 сая төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байна. Харин хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 18.8 хувиар буюу 878.7 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр, Баянгол дүүрэгт 10.2 хувиар 378.2 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үзүүлэлт боллоо.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 6.9 хувиар буюу 224.1 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 0.2 хувиар буюу 8000 төгрөгөөр өссөн нь хамгийн бага дүн болж байна. 2023 оноос хойш орон сууцны үнэ тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2024 оны долоодугаар сараас хойш өсөлт эрчимжээд байгаа юм.
