ЭРДЭНЭТИЙН ДЦС-ЫН АЖИЛЧИД ХУВЬЧЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, ЦАЛИНГАА 30 ХУВИАР НЭМЭХИЙГ ШААРДАН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАХЫГ МЭДЭГДЖЭЭ

GNNGNN
Feb 24, 2026  
 0
ЭРДЭНЭТИЙН ДЦС-ЫН АЖИЛЧИД ХУВЬЧЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, ЦАЛИНГАА 30 ХУВИАР НЭМЭХИЙГ ШААРДАН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАХЫГ МЭДЭГДЖЭЭ

"Эрдэнэтийн дулааны цахилгаан станц"-ын нийт ажилчид цалин хөлсөө 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Ерэн-Өлзий нарт албан бичиг илгээжээ.

Тус шаардлагад станцын инженер, техникийн болон бусад ажилтан албан хаагчид улс орны эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үүргээ хүнд нөхцөлд гүйцэтгэж ирсэн тухайгаа онцолжээ. Тэд эрчим хүчний салбар нь стратегийн ач холбогдолтой, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой тул тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн баталгааг хангах бодлого чухал байгааг дурджээ.

Мөн инфляц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь ажилчдын бодит орлогыг бууруулж, амьжиргаанд хүндрэл учруулж буй тул цалинг 30 хувиар  нэмэх шаардлагатай хэмээжээ.

Ажилчид шаардлагыг хүлээн авч шийдвэрлэхгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдэн, албан бичигт гарын үсэг зуржээ.