КАМИЛА ВАЛИЕВАГ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ҮЗЭЖ, ЭРХИЙГ НЬ ДӨРВӨН ЖИЛЭЭР ХАСЛАА
Спортын арбитрын шүүхээс /Cas/ ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзсэн тул тэмцээнд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасжээ.
Валиева 2022 онд Бээжин хотноо болсон өвлийн олимпоос алтан медаль хүртсэн юм. Түүнээс олимпын өмнөхөн буюу 2021 оны арванхоёрдугаар сард шинжилгээ авсан.
Шинжилгээгээр хориотой эмийн жагсаалтад багтдаг триметазидин буюу зүрхний үйл ажиллагааг дэмждэг бодис илэрч байв.
Cas-аас Камила Валиевагийн эрхийг дөрвөн жилээр хассанаас гадна 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас хойших бүх амжилтыг хүчингүйд тооцжээ.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ "Хүүхэд допинг хэрэглэсэн асуудлыг өршөөх боломжгүй" гэдгийг мэдэгдэв. Валиева допингийн асуудалд орсон үедээ 15 настай байсан юм.
2022 оны олимпод үзүүлсэн Оросын багийн амжилтыг хүчингүйд тооцож алтан медалийг АНУ-руу шилжүүлэх эсэхийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх юм байна.
Кремлийн зүгээс Cas-ийн шийдвэрийг "улс төржсөн шийдвэр" хэмээн буруутгажээ.
Эх сурвалж: ВВС