ОХУ-ЫН ЦЭРГИЙН ОНГОЦ ЯПОНЫ АГААРЫН ХИЛД ХУУЛЬ БУСААР НЭВТЭРЛЭЭ
Японы Батлан хамгаалах яам даваа гарагт /2024.09.23/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын зэвсэгт хүчний нисэх онгоц улсынх нь агаарын орон зайг гурван удаа зөрчсөн гэжээ. Үүний улмаас Японы нисэх хүчний онгоц анхны удаа анхааруулах дохионы бамбар буудсан байна. Тус явдлын дараа Токио Москвад маш хатуу эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.
Даваа гарагт болсон зүйлийг тодруулбал ОХУ-ын ИЛ-38 загварын эргүүлийн онгоц 13:00-16:00 цагийн хооронд агаарын хилийг зөрчсөн байна. Тус онгоц Японы Хоккайдо мужийн Рэбүн арлын хойд хэсэгт ойр гурван удаа ниссэн аж. Батлан хамгаалах яам мэдээлснээр зөрчил бүр 30 секундээс нэг минут орчим үргэлжилсэн байна.
Онгоц анхны удаа хил зөрчиж орж ирэхэд анхааруулга өгсөн юм. Харин гурав дахь удаагаа зөрчихөд Японы агаарын нисэх хүчний F-15 болон F-35 сөнөөгч онгоцнууд хөөрч, анхааруулах зохионы бамбар бууджээ. Уг явдлын дараа Японы Ерөнхий сайд Фүмио Кишида засгийн газрын албан тушаалтнуудад АНУ болон бусад улсуудтай хамтран, тайван бөгөөд нягт хариу өгөхийг үүрэг болгосон байна. Саяхан БНХАУ-ын цэргийн онгоц Японы агаарын хилийг зөрчсөн хэрэг мөн гарсан билээ.