ОХУ-ЫН “ГЭГЭЭН ПАНТЕЛЕЙМОН” ЭМНЭЛГИЙН ГАЛТ ТЭРЭГ МОНГОЛД ИРЛЭЭ

GNNGNN
May 19, 2026  
 0
ОХУ-ЫН “ГЭГЭЭН ПАНТЕЛЕЙМОН” ЭМНЭЛГИЙН ГАЛТ ТЭРЭГ МОНГОЛД ИРЛЭЭ

            РЖД буюу “Оросын төмөр замууд” НХН-ийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий "Гэгээн Пантелеймон" эмнэлгийн галт тэрэг Монгол Улсад ажиллахаар өнөөдөр ирлээ. Төмөр замын дагуух өртөө, зөрлөгийн ажилчид болон орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх уг галт тэргийг угтан авах ёслол Улаанбаатар зорчигч тээврийн төв буудал дээр болов.

           Ёслолын ажиллагаанд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй удирдлагууд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ОХУ-ын Элчин сайдын яамны элчин зөвлөх А.В.Ивахин зэрэг албаны хүмүүс оролцлоо. Энэхүү хүмүүнлэгийн ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН болон ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН хамтран санаачлан зохион байгуулж байгаа билээ.

          Алслагдсан бүс нутгийн ард иргэдэд мэргэжлийн чанартай тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх зориулалттай тус хөдөлгөөнт эмнэлэг нь нийт 14 вагоноос бүрддэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Эмнэлгийн багт нарийн мэргэжлийн эмч нар багтсан бөгөөд дараах чиглэлээр үзлэг, оношилгоо хийнэ:

  • Нарийн мэргэжлийн үзлэг: Дотор, мэс засал, урологи, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, хүүхэд, шүд.
  • Оношилгоо, шинжилгээ: Өндөр нарийвчлалтай ЭХО, зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ), рентген оношилгоо болон түргэвчилсэн лабораторийн шинжилгээ.

ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНЫ НАРИЙВЧИЛСАН ХУВААРЬ

Эмч нарын үзлэг, оношилгоо 5 дугаар сарын 19-нөөс 6 дугаар сарын 4-нийг дуустал өдөр бүр 08:00–18:00 цагийн хооронд дараах хуваарийн дагуу өртөөдөд явагдана:

Он, сар, өдөр

Ажиллах өртөө, байршил

5 дугаар сарын 19, 20

Замын-Үүд-1 өртөө

5 дугаар сарын 21, 22

Сайншанд өртөө

5 дугаар сарын 24, 25

Чойр өртөө

5 дугаар сарын 26, 27, 28

Улаанбаатар-1 өртөө

5 дугаар сарын 30, 31

Зүүнхараа өртөө

6 дугаар сарын 1, 2

Дархан-1 өртөө

6 дугаар сарын 3, 4

Сүхбаатар өртөө

Иргэдийн анхааралд: Үзлэг, оношилгоонд хамрагдах хүсэлтэй иргэд Төмөр замын төв эмнэлгийн харьяа тухайн өртөөний эмч нарт урьдчилан бүртгүүлж, үзлэгийн цаг авах шаардлагатайг зохион байгуулагчид сануулж байна.