“ХАШАА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЭНЭ ОНД 7600 МЕТР СТАНДАРТ БУС ХАЙС БУУЛГАНА
Нийслэлийн иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлөх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандарт бус хашаа, хайсыг албадан буулгах ажил үе шаттайгаар үргэлжилж байна.
Уг ажлын хүрээнд явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн хашаануудыг чөлөөлж, иргэдийн зорчих хэсгийн хүртээмжийг нэмэгдүүлсээр ирсэн юм.
“Хашаа” арга хэмжээний үр дүн ба тоо баримт (2023–2026 он)
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд чөлөөлсөн байршил болон хашааны уртыг нэгтгэн харуулбал:
|
Он |
Чөлөөлсөн байршил |
Буулгасан хашаа, хайсны урт (метрээр) |
|
2023 он |
88 байршилд |
6,917 метр |
|
2024 он |
224 байршилд |
9,074 метр |
|
2025 он |
17 байршилд |
933 метр |
|
2026 он (Төлөвлөгөө) |
161 байршилд |
7,600 метр |
Өдгөө 2026 оны төлөвлөгөөт ажлууд ид өрнөж байгаа бөгөөд энэ онд багтан нийт 161 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг хаасан хашааг чөлөөлөхөөр албаныхан ажиллаж байна.
Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр хотын дэд бүтэц болон иргэдийн амьдрах орчинд дараах эерэг өөрчлөлтүүд гарч байна.
Явган зорчигчид авто зам руу орох эрсдэл буурч, саадгүй, аюулгүй зорчих боломж бүрдэнэ.
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай улам тэлж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх орон зай нэмэгдэнэ.
Нарийн хавчгар гудамжнууд цэгцэрч, орчны зохион байгуулалт болон хотын өнгө үзэмж орчин үеийн жишигт нийцэн сайжрах юм.
