НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ТӨЛӨӨХ МАРАФОН: ХОТЫН ДАРААГИЙН МЭРЭЭР Б.ПҮРЭВДАГВА ТОДРОХ УУ?

GNNGNN
May 19, 2026  
May 19, 2026 - 04:54
 0
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ТӨЛӨӨХ МАРАФОН: ХОТЫН ДАРААГИЙН МЭРЭЭР Б.ПҮРЭВДАГВА ТОДРОХ УУ?

               Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал гаргаж, өчигдөр албажуулсан билээ. Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу Ерөнхий сайд өөрийн санаачилгаар буюу бүрэн эрхийнхээ хүрээнд уг шийдвэрийг гаргасан юм.

              Хуулийн дагуу нийслэлийн дараагийн удирдлагыг 15 хоногийн дотор шинээр нэр дэвшүүлэх заалттай. Үүнтэй холбоотойгоор Хотын даргын суудлын төлөөх марафон хэвлэлүүдийн анхаарлын төвд орж, улс төрийн хүрээнд ширүүн өрнөж эхэллээ. Өдгөө УИХ-ын дарга асан Г.Занданшатар, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга М.Говьсайхан, НИТХ-ын дарга асан А.Баяр болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нарын нэрс яригдаж буй.

             Тэгвэл МАН-ын цагаан байрнаас тэднээс дутахгүй хүчтэй, магадлал өндөртэй нэгэн шинэ нэр албан бусаар тодорч эхэлсэн нь Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо (СДМЗХ)-ны Ерөнхийлөгч Бяруузанын Пүрэвдагва юм.

Ерөнхий сайдын итгэлт хүн ба улс төрийн залгамж холбоо

             Хэнтий аймгаас гаралтай Б.Пүрэвдагвыг өнөөгийн Ерөнхий сайд Н.Учралын баг, итгэлт хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Үүний тод жишээ нь 2024 онд болсон СДМЗХ-ны VII их хурал юм. Түүнчлэн тэрээр нэгэн цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн охин Х.Номундарьтай хамтран "Пи Ди Эн Өү" ХХК-ийг үүсгэн байгуулж, бизнесийн болон хувийн харилцаатай байсан түүхтэй.

             Тус залуучуудын байгууллагын VII их хурлаар тухайн үеийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийн хүрээнд Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагвыг тус холбооны тэргүүнээр нэр дэвшүүлж байв. Танхимаас өөр өрсөлдөгч гараагүй бөгөөд тэрээр 21 аймаг, 9 дүүргийн 500 гаруй төлөөлөгчийн 100 хувийн саналаар ногоон гэрлээр сонгогдож байв. Тухайн үед холбооны тамга тэмдгийг өдгөөгийн Ерөнхий сайд Н.Учрал өөрийн биеэр түүнд хүлээлгэн өгч байсан бөгөөд тэдний улс төрийн түншлэл, залгамж холбоо ийнхүү үргэлжилж байна.

ТӨГСӨӨД 15 ЖИЛ НАМЫН АЖЛААР "АМЬСГАЛСАН" Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ?

Улс төр судлаач, тогтвортой хөгжлийн магистр мэргэжилтэй түүний намтар, ажлын туршлагыг харахад:

Товч намтар:

Төрсөн он, сар, өдөр: 1990 оны 4 дүгээр сарын 12

Төрсөн газар: Хэнтий аймаг

Боловсрол:

    • 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль
    • 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлаач мэргэжлээр (Бакалавр)
    • 2015-2017 онд Австрали улсын Ньюкаслын их сургуулийг Тогтвортой хөгжлийн судалгаа чиглэлээр (Магистр)

Ажлын туршлага ба улс төрийн замнал:

Б.Пүрэвдагвын хувьд оюутан цагаасаа эхлэн МАН-ын дэргэдэх залуучуудын болон оюутны байгууллага, намын Ажлын албанд тасралтгүй ажиллаж ирсэн "гал тогооны" хүн юм.

  • Оюутан болон залуучуудын байгууллагад: 2009-2011 онд Баянгол дүүргийн НАМОХ-ны дарга, 2013-2015 онд НАМОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, 2020-2021 онд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад улмаар тус холбооны (СДМЗХ) Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
  • Намын Ажлын албанд: 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ажилтнаар орж, Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах (2011-2012), орон тооны зөвлөх (2016-2017) зэрэг албан тушаалыг дамжсан. Улмаар Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга (2017-2020), МАН-ын Намын байгуулалтын газрын даргаар (2021 оноос) тус тус ажиллаж байна. Тэрээр мөн МАН-ын Бага хурлын гишүүн юм.
  • Төрийн болон нийгмийн ажлын туршлага: 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт референт, 2020 оноос хойш Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын Төлөөлөгчөөр ажиллаж буй тул хотын тулгамдсан асуудлуудтай танилцаж амжсан нэгэн. Түүнчлэн "Thanks man" ТББ-ын тэргүүнээр ажилладаг.

Хуулийн хугацаа тулж, намуудын амбиц ид өрнөж буй энэ үед Ерөнхий сайдын итгэлийг хүлээсэн, намын анхан шатнаас бэлтгэгдсэн залуу боловсон хүчин Хотын дараагийн мэрээр сонгогдох уу гэдэг нь өнөөдөр тодорхой болох нь ээ.