Н.НОМТОЙБАЯР: ТӨСВИЙГ ТЭЛЭХ НЭРЭЭР ТӨРИЙН ОРОЛЦООГ НЭМЭЭД БАЙВАЛ ЭНЭ УЛС ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭНЭ
Үндэсний эвслээс Цөмийн энергийн тухай хууль болон ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр: Одоо Цөмийн энергийн тухай хууль хэлэлцэж байна. Цөмийн энергийн хуулийн төсөл, энэхүү төсөл хэрэгжсэнээрээ хэрэгжих хуулийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаад бид дэмжихээр шийдсэн.
Мөн 2025 оны төсвийн төсөл УИХ-ын чуулганаар орж ирж байгаа. Шинэ парламент иргэдийнхээ итгэлийг олж авахын тулд ажиллах хэрэгтэй. Ер нь төсөвт ханддаг уламжлалт хандлагаараа хандах юм бол энэ улс буцаад элгээрээ хэвтэнэ, нөхцөл байдал улам хүндэрнэ. Үүнийг задлаад тодорхой жишээ дурдвал өнгөрсөн жилийн улсын зарлага 20 их наяд байсан бол энэ жил 30 их наяд болж байгаа. Орлого талдаа баталгаа бас байхгүй. Гол орлогынхоо эх үүсвэрийг түүхий нүүрсний зах зээл дээрээс тооцож авч байгаа. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нүүрсний үнэ уналттай байна. Орлогыг маш өөдрөгөөр авсан байна. Орлого, зарлагын зөрүү гарахаар инфляц өдөөгддөг, төгрөгийн ханшны уналт буурдаг. Нөгөө цалин, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадвар буурдаг. Зарлага талдаа хэтэрхий үрэлгэн байна. Хэдийгээр амны уншлага болтлоо төрийн эдийн засаг дахь, бизнесийн орчин дахь оролцоог хумьж, багасгана гэж ярьдаг ч энэ төсвийг харахад буцаад нэмэгдэж байгаа. Халамж, татвар, нийгмийн даатгалын шимтгэл буурахгүй юм байна. Нөгөө талдаа эдийн засгийн идэвхтэй хүн ам агшиж байгаа. Өнгөрсөн богино хугацаанд 8200 хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан ААН-үүд үүд хаалгаа хаасан. Үүнийг дагаад 26 мянга орчим хүн ажилгүй болсон. Гадагшаа маш олон залуучууд эх орноосоо дүрвэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд 13 мянган залуучууд эх орноо хаяж явсан байна. Ингээд эдийн засгийн идэвхтэй хүн ам буураад байдаг. Хүн амд эзлэх ахмад настны тоо нэмэгдээд байгаа. Гэтэл төсвийн орлого зарлагын зөрүү ихтэй. Эрүүл эдийн засгийн чөлөөт зах зээлийн зарчимд нийцсэн байдлаар асуудалд хандах маш олон асуудлууд бий. Төсөвтэй холбогдуулаад УИХ дахь Үндэсний эвсэл хэд хэдэн зарчмын асуудлыг хөндөж байгаа. Тухайлбал, ирэх жилийн төсөвт Боловсролын зээлийн санд 157 орчим тэрбум төсөвлөгдсөн байна. Гэтэл улс орны хэмжээнд хамгийн том дутагдалтай байгаа зүйл нь боловсон хүчин. Дотооддоо бэлдэж байгаа боловсон хүчин чанарын шаардлага хангадаггүй. Бэлтгэдэг багш нарынх нь чадвар үнэхээр сул дорой болчихсон. Тэгэхээр Боловсролын зээлийн сангийн төсвийг эрс нэмэгдүүлье. Дээрээс нь Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг удирддаг журмыг эргэж харья. Дахиад элдэв хулгай,улс төр дэх нөлөөллөө ашиглаж, өөрсдийнхөө асуудлыг шийддэг зүйлээс ангид байдлаар эдийн засгийн голлох салбарт боловсон хүчнээ бэлтгэе.