МЕГА ТӨСЛӨӨС МАХНЫ ХУЛГАЙ ХҮРТЭЛ "ГҮРИЙСЭН" Х.НЯМБААТАРЫГ ОГЦРУУЛАВ

GNNGNN
May 18, 2026  
 0
МЕГА ТӨСЛӨӨС МАХНЫ ХУЛГАЙ ХҮРТЭЛ "ГҮРИЙСЭН" Х.НЯМБААТАРЫГ ОГЦРУУЛАВ

Монголчуудын хувьд махны үнэ маш чухал асуудал. Гэвч мах магнаг болоод удаж байна. Нийслэлчүүд нэг кг махаа 40 гаруй мянган төгрөгөөр худалдан авч байгаа.  Гэвч энэ үнэ бодит зах зээлийн ханш мөн үү, аль эсвэл зохион байгуулалттай үнийн хөөргөдөл үү гэдгийг ойлгож, арга хэмжээ авах нь чухал байв.  Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит хонхор” зах дээр өөрийн биеэр очиж ажилласан байдаг. 

Улмаар тэр оройдоо холбогдох албаныхан болон хуулийн байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж, Хотын дарга Х.Нямбаатарыг  үүрэг ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдэв.  Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр “Тендер төсөл хулгайлдаг байсан бол одоо бүүр ард түмнийхээ амин зуулга, аягатай хоолноос хулгайлдаг боллоо” гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Ийнхүү  махны үнийн хөөрөгдөл болон бусад асуудлаас үүдэлтэйгээр 2023 оноос эхлэн Хотын даргаар ажилласан Х.Нямбаатарыг огцрууллаа.

Н.Учрал: Нийгмийг талцал хуваагдалд хүргэсэн үндэслэлүүд ч бий, шалга

Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй биечлэн ярилцсаны дараа АТГ-ын дарга З.Дашдаваа, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нартай уулзаж үүрэг даалгавар өглөө.  Энэ уулзалтын үеэр тэрээр "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу дээд шатны албан хаагчийнхаа үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард түмний нуруун дээр  үнийн өсөлтийг авчирч, нийгмийг талцал хуваагдалд хүргэсэн тодорхой үндэслэлүүд бий болсон тул нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Дээрээс нь тусгай ажлын хэсэг байгуулж нийслэл дээр болсон төсөл, тендер,  бүх үйл явдлыг нэг бүрчлэн шалга. Одоо сүүлдээ зохиомол үнийн хомсдол үүсгэдэг болсон байна. Тэр Туулын хурдны замын төсөл юу болсон бэ, үүнийгээ эцэслээч. Ард нь ямар ашиг сонирхол үүсээд байгаа юм” гэв.

Нөөцийн мах: Есөн компани зургаан тэрбумын татаас авдаг

Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх, хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хангах үүрэгтэй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан махны нөөц бүрдүүлдэг. 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийслэлд есөн аж ахуйн нэгж 2017 тонн мах нөөцөлсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байна. Нөөцийн махны борлуулалтын талаар авч үзвэл өнгөрсөн жил найман мянга орчим тонн мах нөөцөлж байсан бол энэ жил таван мянган тонн болгож бууруулжээ. Есөн бэлтгэн нийлүүлэгч компани арилжааны банкуудтай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд үхрийн махны үнийг 15 мянган төгрөгт барьж, тухайн үнээр борлуулах нөхцөлийг тусгасан байдаг.  Мөн ингэж үүрэг хүлээхдээ улсын төсвөөс зургаа орчим тэрбум төгрөгийн татаас авдаг.  Гэтэл өнөөдөр махны үнэ магнаг болж, ард иргэд зутарч байна.  Ерөнхий сайд Н.Учрал "Улс, оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Дэнжийн мянгаар өнөөдөр би явлаа, үхрийн мах 40 мянган төгрөг болжээ. Орон нутагт махны үнийг барьж болоод байдаг, нийслэлд болдоггүй. Өнгөрсөн жил 8,000 орчим тонн мах нөөцөлжээ. Энэ жил 5000 орчим тонныг нөөцөлсөн. Ингээд есөн бэлтгэн нийлүүлэгч компани, арилжааны банктай гэрээ хийсэн. Ингэхдээ үхрийн махыг 15000 төгрөгөөр худалдаална, үүнээс илүү үнэ нэмэхгүй гэж гэрээлж, 386 цэгээр борлуулж байгаа. Гэтэл нөөцийн мах нэг ч ирээгүй байна, би өнөөдөр явж шалгалаа. Энэ мах хааччихав. Жишээ нь иргэн Б буюу нэг иргэн 15 тонн махыг 211 сая төгрөгөөр худалдан авч, нөөцөлсөн. Иргэдийнхээ нөөцийн махыг хулгайлдаг болсон байна” гэсэн байдаг. 

Махны үнийг зориудаар хөөргөж, ашиг ологч нарын талд ажилласан уу?

Хотын дарга асан Х.Нямбаатар “Энэ жил махны үнэ ханшийг нийслэлээс зохицуулж чадахгүй. Харин би эвдэрсэн, эвдрээгүй хамаагүй бродюроо солино” гэж мэдэгдэж байсан нь саяхан.  Нийслэлд нөөцийн мах бэлддэг компанийн тендерийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Мах импекс”, түүний төрсөн эгч Х.Цэндбаярын “ХКҮ” компани авсан  нь Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан мэдээллээс харагдсан.  Улмаар хуулийн байгууллагад шалгах үүрэг өгнө лээ.   Ер 2500 тонн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой байгаа. 2500 тонн мах хаана байна, яагаад худалдаанд гаргахгүй байгааг шалгуулахаар болсон юм. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулахаар болсон.  Цаашлаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Мах импекс” компани, төрсөн эгч Х.Цэнбаяр нарын компанид  хотын захирагч Х.Нямбаатар боломж олгосон уу  гэх асуудал ч яригдах байх.  Хэрэв тийм бол  Хотын дарга маань зориудаар махны үнийг хөөргөж, ашиг ологч нарын талд ажилласан хэрэг болно. Махны үнэ 2025 оны арван хоёрдугаар сараас огцом савлаж эхэлсэн. Гэрээтэй есөн аж ахуйн нэгж нөөцөө 2025 оны арван хоёрдугаар сард бүрдүүлсэн. Ингэхдээ “Хүчит шонхор” захаас нөөцөө бүрдүүлсэн тохиолдол гарсныг Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн хөндсөн байдаг.

Н.Учрал VS Х.Нямбаатар

Ийнхүү Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг дээд шатныхаа даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард иргэдэд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлсэн үндэслэлээр чөлөөлөв.  Мөн Ерөнхий сайд Н.Учрал Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулж, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүх төсөл, тендерийг шалгахыг үүрэг болголоо. Төсөл хэрэгжүүлэх нэрээр хулгай хийж байна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн нь анхаарал татаж байна.  Ерөнхий сайд Н.Учралын гаргасан шийдвэрийн дараа Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн.  Ер нь Хотын дарга Х.Нямбаатарын нэгэн хариу үйлдэл үзүүлэхийг олон нийт гадарлаж байсан.  Өмнө нь Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн эсрэг жагсаж,  “Тэдний гэрийн гадаа очиж бүгдээрээ буллидэе” гэж байсан Хотын дарга шүү дээ.  Тэр л зангаараа Ерөнхий сайд Н.Учралыг мэдэгдлээрээ “буллидэх” гэж оролдов. Ер нь аливаа асуудал дээр  улс төрийн мэдэгдэл хийхдээ гаршсан гэхэд болно.  Баримт биш мэдэгдлээр ам тагладаг технологи бараг л Х.Нямбаатарынх болчихсон гэхэд болно.  Тэрээр “Н.Учрал аа,  Бацаан аа, Чи бантсандаа намайг өнөөдөр зайлуулж байна. Туулын хурдны замын төсөл хэвийн явж байхад "Нямбаатарын нэр хүнд минийхээс илүү гараад байна" гэсэн атгаг санаагаар чи энэ төслийг зогсоосон. Өөр бусад тендерүүдийг хулгай гэж ярих гээд юм бол олон улсын байгууллагуудтай нь ярь. Толгой холбож, уянгалж ярина. Чиний толгой хүрэхгүй шүү дээ, энэ улс орныг удирдахад Монгол Улсад хууль ёс гэж байдаг бол хоёулаа тултлаа явъя. Би уушгиныхаа гурван судсыг тасартал чамтай тэмцэнэ.  Би ирэх даваа гарагт /өнөөдөр/ үүрэг ажлаа нэр төртэйгөөр өгнө”  гэлээ.

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 94 (7836)