ХЯТАДЫН ШҮҮХЭД ДУУДАГДСАН Б.ДЭЛГЭРСАЙХАН МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙГ ДАРАМТЛАХЫГ ОРОЛДОВ

GNNGNN
Sep 15, 2026  
 0
ХЯТАДЫН ШҮҮХЭД ДУУДАГДСАН Б.ДЭЛГЭРСАЙХАН МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙГ ДАРАМТЛАХЫГ ОРОЛДОВ

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы БНХАУ-ын төрийн өмчит компаниудад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж, Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учруулж магадгүй.

БНХАУ Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт царцах эрсдэлтэй. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы үйлдлээс болж улсаараа хар жагсаалтад багтаж, хөрөнгө оруулалт, томоохон санхүүгийн хоригт орж болзошгүй. БНХАУ-ын тал өр төлбөрөө авахын тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй нөхцөл үүслээ гэж өмнө “Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ” нийтлэлдээ өгүүлсэн.

Үндэслэл нь “Монгол Улсад хэрэгжиж буй төмрийн хүдрийн уурхайн төсөлтэй холбогдуулан БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, түүний дотор БНХАУ-ын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудын хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж, эдийн засгийн ихээхэн хохирол амссан. Эл маргаан нь зөвхөн БНХАУ-ын хувийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хамаарахаас гадна БНХАУ-ын хөрөнгө оруулалтын корпораци, БНХАУ-ын хөгжлийн банк, БНХАУ-ын экспорт-импортын банк, БНХАУ-ын амь насны даатгалын компани зэрэг БНХАУ-ын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудын олгосон санхүүжилттэй холбоотой үндсэн зээл, хөрөнгө оруулалтын өгөөж, хуримтлагдсан хүү, боломжийн зардлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой юм. Үүний дагуу эл асуудал нь санхүүгийн болон хууль эрх зүйн хувьд чухал үр дагавартай” гэх агуулга бүхий албан ёсны бичгүүд манай улсын тодорхой байгууллагуудад ирээд байгаатай холбоотой.

Ийм байхад эл нийтлэлд дурдагдсан мэдээллийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Түүгээр үл барам 2026 оны есдүгээр сарын 2-нд сонины нэр дээр дарамталж, заналхийлсэн өнгө аяс бүхий шаардлагыг ирүүлжээ. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэрхүү шаардлагадаа “Эл нийтлэлээр Б.Дэлгэрсайхан миний нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан илт худал мэдээллийг гүтгэлгийн чанартайгаар, захиалгаар нийтэлсэн байх тул танайх уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцааж залруулга хийхийг шаардаж байна. Хэрэв танайх дээрх худал мэдээлэлд няцаалт залруулга хийхгүй бол хууль хяналтын байгууллагад хандахыг анхааруулж байна” гээд төгсгөлд нь “Иргэн Б.Дэлгэрсайхан” гэж гарын үсгээ зуржээ. Харин БНХАУ, түүний засаг захиргааны тусгай бүс Хонг Конгийн Дээд шүүх /HCA/-д “Монгол Улсын Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан”-тай холбоотойгоор үүсгэгдэж дуудагдсан. Мөн Хонконгийн Арбитрын шүүх //HKIAC/-д хэрэг маргаан үүсгэгдсэн. Энэ мэт үндэслэлээр УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай холбоотой мэдээллийг нийтэлсэн болно. Үүнийг дараах байдлаар тайлбарлах нь зүйтэй байх.

1. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нь БНХАУ-ын иргэн, хөрөнгө оруулагчийг хулхидсан тухай мэдээллийг нийтлэгч нь зохиогоогүй, түүний өөрийнх нь хийсэн үйлдэлтэй холбоотой тодорхой баримтын хүрээнд нийтэлсэн. Энд Монгол Улсын иргэн Б.Дэлгэрсайхантай бус УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай холбоотой баримт бүхий мэдээлэл юм. /Баримтыг доор сийрүүлэх болно/

2. Өнөөдөр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татарч, түүний хэмжээгээр томоохон төсөл хөтөлбөрүүд зогсож, эдийн засагт цохилт өгөх хэмжээний харанга дэлдэж эхлээд байгаа билээ. Ийм үед Хятад улсын хөрөнгө оруулагч Монгол Улсын төрийн түшээ, Засгийн газрын гишүүнд асар их хэмжээний хөрөнгө оруулалтаа алдсан гэдэг асуудлыг өөрийн болон манай улсын эрх бүхий тодорхой байгууллагаар дамжуулан илэрхийлээд байгаа нь ноцтой. Түүний учир эл асуудалд Монголын хэвлэл мэдээллийн салбар ч өөрийн эрх, үүргийн хүрээнд анхаарал хандуулахыг уриалж байна. Дан ганц сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд ч бус нийгмийн бүхий л сегмент, нэн ялангуяа улс төрийн хүчнүүд, улстөрчид анхааралдаа авахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, уг нийтлэлд дурдагдсан УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл баримттай бөгөөд түүнээс өр нэхэх асуудал өнөөдөр Монгол Улс, БНХАУ-д тодорхой үйл явц болоод буй юм.

3. Аливаа улсад гадаадын хөрөнгө оруулалт татарч буй шалтгаан үндэслэл нь хууль эрх зүйн тогтворгүй байдал, макро эдийн засгийн тогтворгүй байдал, хүнд суртал ба авлига, дэд бүтцийн сул хөгжил, геополитик ба дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, ажиллах хүчний хомсдол зэрэгтэй холбоотой. Үүн дээр УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай холбоотой мэдээлэл нь гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг алдах, залилах, хохироох гэдэг Монгол Улсад сүүлийн жилүүдэд дэлгэрсэн асуудалтай мөн чанарын хувьд холбогдож байна. Хамгийн чухал нь дээр дурьдсан шалтгаан нөхцөлүүд /УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы энэхүү асуудал багтана/-ээс шалтгаалж Монгол Улсад орж ирэх гадаад хөрөнгө оруулалт татарснаар юун түрүүнд эдийн засгийн өсөлтийг боомилж, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлнө. Үүн дээр валютын ханшийн уналт, ажилгүйдлийн өсөлт, технологи, ноу-хаугийн хоцрогдлыг бий болгож, эдийн засгийн өсөлт саарах, ДНБ-ий өсөлтийг зогсоох, татварын орлого багасах, улс орны зээжих зэрэглэл буурах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгоно. Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдал ийм сөрөг үр дагавруудыг амсаад эхэлснийг илтгэж буй.

4. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг, тэрхүү хувьцааны үүргээрээ 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн, түүнийг Хятадын тодорхой төрийн өмчийн санхүүгийн байгууллагуудаас зээлж авсан БНХАУ-ы иргэн, хөрөнгө оруулагч Ли Шаомин манай улсын төр, засагт хандаж тусламж хүссэн өргөдөл болон хүсэлт илгээсэн. Түүнд “Би Монгол Улсад сайн санааны үүднээс хөрөнгө оруулалт хийсэн БНХАУ-ын иргэн, Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигчийн хувьд энэхүү өргөдөл болон тусламж хүссэн хүсэлтийг хүндэтгэлтэйгээр бичиж байна. БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын бүлэг нь “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн хувьцааны 78 хувийг эзэмшдэг бөгөөд тус компанийн хяналтын хувьцааг бүрдүүлдэг. Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн бүтээн байгуулалт, түүний дотор уурхайн барилга байгууламж, олборлолт, баяжуулах, тээвэрлэлт, дэмжих дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбогдуулан БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын бүлэг ойролцоогоор 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалтаар Үйлдвэрлэлийн 6 шугам, ойролцоогоор 130 км төмөр зам, БНХАУ-д үйлдвэрлэсэн ачааны 2007 вагон, ОХУ-д үйлдвэрлэсэн ачааны 1000 вагон, БНХАУ-д үйлдвэрлэсэн 12 зүтгүүр; Ойролцоогоор 25 км цахилгаан дамжуулах шугам; Хоёр цахилгаан дэд станц, Ойролцоогоор 60 км зам, Төмөр замын 5 өртөө, Тэсрэх бодис хадгалах 1 байгууламж, 8000 гаруй мкв талбай бүхий оффисын барилга, ажилчдын байр, спортын байгууламж, зочдын байр, агуулах болон бусад туслах барилга, байгууламжуудыг санхүүжүүлсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хувьцааны 22 хувийг эзэмшдэг Монголын хувьцаа эзэмшигч нь 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа ноцтойгоор зөрчсөн. 2016 оноос хойш БНХАУ-ын хөрөнгө оруулагч талд ногдол ашиг тараагдаагүй, хөрөнгө оруулагчид болон холбогдох санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой үндсэн болон хүүгийн үүргийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Монголын хувьцаа эзэмшигч болон Гүйцэтгэх захирал 2016 оноос хойш хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй. Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх хуулийн дагуу аль хэдийнэ дуусгавар болсон. Хэдийгээр тус компани хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, орлого, ашиг олсоор байгаа ч БНХАУ-ын хөрөнгө оруулагчид болон холбогдох БНХАУ-ын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудад төлөх ёстой төлбөрүүд олон жилийн турш хойшлогдож, шийдэгдээгүй гэх мэт хууль эрх зүйн ноцтой зөрчилд хүргэсэн. Дээрх нөхцөл байдал нь БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын бүлэгт ихээхэн хэмжээний эдийн засгийн хохирол учруулж, БНХАУ-ын хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудын Монголд хөрөнгө оруулах итгэлд сөргөөр нөлөөлсөн. Цаашлаад, эл асуудал БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг хамгаалах, БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудын хууль ёсны ашиг сонирхол, Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой. Дээр дурдсантай холбогдуулан, эл асуудалд зохих ёсоор анхаарал хандуулж зохих дэмжлэг үзүүлэхийг хүндэтгэлтэйгээр хүсч байна. Эл асуудлын туршид хоёр орны хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны харилцааг хадгалах, хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийх найдварын үүднээс маргааныг яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, эв найртай зөвлөлдөх замаар шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажилласан. Харамсалтай нь эдгээр хүчин чармайлтыг үл харгалзан ямар ч чухал ахиц дэвшил гараагүй байна” гэжээ.

Мөн БНХАУ-ын иргэн Ли Шоамины тавьсан асуудлаар УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нь БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн Дээд шүүх /HCA/ болон Арбитрын шүүх /HKIAC/-д хариуцагчаар дуудагджээ. Дээд шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Монгол Улсын Зам тээврийн сайд буюу Minister of Road and Transport Development of Mongolia” гэж бичээд ирүүлсэн дуудах хуудаст нэхэмжлэлийн агуулгыг “Нэхэмжлэгч нь зээлдүүлэгчийн хувиар зээлдэгч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-тай 2007 оны зургадугаар сарын 30-ны өдөр байгуулсан 57,180,879 ам.долларын үндсэн зээл болон түүний хүүг төлүүлэх тухай Зээлийн гэрээний дагуу үлдэгдэл үндсэн зээл болон хүүг төлөхийг шаардаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2018 оны наймдугаар сарын 15-ны өдөр уг зээлийг эргэн төлөх хугацааг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгах талаар тохиролцсон. Зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ас зээлийн гэрээний дагуух үндсэн зээл болон хүүг багтаасан төлөгдөөгүй бүх дүнг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг шаардсан боловч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь уг зээл болон хүүг төлөөгүй байна. 2007 онд Зээлийн гэрээ байгуулах үед үйлдсэн Баталгааны захидлын дагуу хариуцагч нь “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргийг батлан даахыг зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баталгааны захидлын дагуу Хариуцагчаас зээл болон хүүг 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлөхийг шаардсан боловч өнөөг хүртэл Хариуцагч уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 57,180,879 ам.долларын үндсэн төлбөр, 2007 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд жилийн 6.12 хувийн хүүгээр тооцсон 64,121,791.75 ам.долларын хүү /үүнд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК -ийн төлсөн 3,000,000 ам.долларыг хасч тооцно/, үүн дээр нэмээд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс төлбөрийг бүрэн барагдуулах хүртэлх хугацаанд жилийн 18 хувийн хүүгээр тооцогдох хугацаа хэтрүүлсний хүү, эсхүл өөр хувилбараар, шүүхээс зохистой гэж үзсэн хувь хэмжээ, хугацаагаар тооцсон хүү гэх мэтийг нэхэмжилж байна” гэж бичжээ.

Эдгээрээс гадна 2024 оны 9 дүгээр сарын 30-нд Хонг Конгийн Арбитрын шүүх /HKIAC/-д HKIAC/PA24265, HKIAC/PA24266 хэргийн дугаартай Кайманы арлуудад бүртгэлтэй Country Hill Limited компанийн нэхэмжлэлтэй 1Lux IMIL Holdings /HK/Lim­ited /Хонконг/, Luxembourg IMIL S.AR.L./Люксембург/, Evermate Trading Limited /Хонг Конг/, Mongolian Dornyn Gobi Iron Ore Company Lim­ited /Британийн Виржинийн арлууд/, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК /Монгол Улс/, Iron Mining International /Mon­golia/ Limited” /Британийн Виржинийн арлууд/ нарын зургаан хариуцагчид холбогдох 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Баталгаатай, хувьцаанд хөрвөх боломжтой зээлийн гэрээнд 2009 оны 10 дугаар сарын 19, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр оруулсан Нэмэлт өөрчлөлтийн баримт бичигтэй холбоотой маргаан тус тус үүсжээ. 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нэхэмжлэгчийн хуулийн зөвлөх “Fangda Partners”-д “Арбитрын ажиллагаа үүсгэх тухай мэдэгдэл”-ийг Хонг Конгийн Арбитрын шүүхээс хүргүүлжээ. Мэдэгдэлд “Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 32 дугаар зүйлийг тусгасан Нэмэлт хэлэлцээрийн 10/а/-д заасны дагуу UNCITRAL-ын Арбитрын дүрмийн дагуух арбитрын ажиллагааг зохион байгуулах HKIAC-ийн 2015 оны журмын дагуу энэхүү арбитрын ажиллагааг эхлүүлсэн” гэжээ.

 

Х.Ганжуур

ӨДРИЙН СОНИН