МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

GNNGNN
Sep 14, 2026  
 0
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2008 оны есдүгээр сарын 14-ний өдөр Бээжингийн зуны паралимпын наадмын байт харвааны төрөлд Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав алтан медаль хүртэж, Монгол Улсын паралимпын наадмын түүхэн дэх анхны алтан медалийн эзэн болсон билээ.

Энэхүү түүхэн амжилтыг мөнхжүүлэх зорилгоор жил бүрийн есдүгээр сарын 14-ний өдрийг “Монголын үндэсний паралимпын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэснээр энэхүү өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр Монголын пара тамирчид түүний эхлүүлсэн ялалтын буухиаг үргэлжлүүлж, эх орныхоо Төрийн далбааг дэлхийн тавцанд мандуулсаар байна.

Монгол Улс паралимпын наадмаас одоогийн байдлаар гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл, нийт найман медаль хүртээд байгаа юм. Тодруулбал, 2008 онд Д.Баатаржав алт, 2016 онд Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар хүрэл, 2020 онд Э.Содномпилжээ алт, 2024 онд У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн билээ.  

Паралимпын хөдөлгөөн бол зөвхөн спортын амжилтын тухай бус хүний боломж, тэгш оролцоо, эрхэм чанар, хүсэл тэмүүлэл, хязгаарыг даван туулах хүч чадлын илэрхийлэл билээ. Монголын пара тамирчид дэлхийн спортын хамгийн том тайзнаа эх орныхоо төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэн, монгол хүнийг чадварыг дэлхий дахинд харуулсаар ирсэн түүхтэй.