ХХНББХ: ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН БОЛОВСРУУЛСАН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга П.Ганзориг даргалан явууллаа. Эхний ээлжинд Байнгын хорооны гурван тогтоол баталж, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Шинээр байгуулсан ажлын хэсгүүдийг 5-7 гишүүнтэйгээр байгуулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл гаргасан юм.
Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүнээс энэ оны зургадугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ба хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү ахалж ажиллахаар болов. Харин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгаланг өөрийнх нь хүсэлтээр нэмж ажиллуулахаар боллоо.
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжив
Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын есөн гишүүнээс 2025 оны тавдугаар сард өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2026 оны 10 дугаар сарын 16-нд баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв.
Тогтоолын төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахалж ажилласан байна. Тэрбээр төслийн танилцуулгыг хийж, анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргав.
Тогтоолын төсөлд, хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэх, хуулийг олон нийтэд таниулах, мэдээлэл, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг Эрүүл мэндийн болон Боловсролын яам, холбогдох бусад байгууллагатай хамтран байгуулах, мөн хуульд заасан тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварын тэмдэг олгож, хэрэглэхэд бэлтгэх, бүртгэх, тамхин бүтээгдэхүүний хүрээг өргөжүүлсэн талаар олон нийтийг мэдээллээр хангах, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, онлайн сурталчилгаа, борлуулалтын хянах, хуулийн хэрэгжилтэд бэлтгэх хугацаа, хариуцах эзэнг тодорхой заасан төлөвлөгөө гарган ажиллахыг Засгийн газарт даалгахаар заажээ.
Түүнчлэн салбар дундын ажлын хэсэг байгуулж, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тамхин бүтээгдэхүүний сав баглаа боодлын өөрчлөлт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн захиалгын мөчлөг, хууль ёсоор импортолж, татвар төлсөн барааны үлдэгдэлд үүсэх нөлөөллийг тооцож, шилжилтийн үеийн зохицуулалтыг судлан холбогдох арга хэмжээ авах, хуулийн 6.7.14 дэх заалт тамхины далд худалдааг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байгаа эсэхийг судалж 2027 оны 1 дүгээр улиралд, хуулийн хэрэгжилтийг 2028 оны нэгдүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг үүрэг болгосон байна.
Тогтоолын төсөлд заасан үүрэг, чиглэлүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Рэгдэл, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нар тодруулж асуун, зарим заалтын талаар тодорхой санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хууль хэрэгжиж, амт, үнэр, гоёмсог савлагаатай тамхи, тамхин бүтээгдэхүүн, вейпийг хориглож буйтай холбоотойгоор импортлогч аж ахуйн нэгжүүдээс хэрэгжих хугацааг 18 сараар хойшлуулах хүсэлт ирүүлсэн, мөн компаниуд их хэмжээгээр нөөцөлсөн байх магадлалтай зэргийг дурдаад, хуулиар хориглосон зүйл, заалтыг зохицуулахаар тогтоолд тусгаж болохгүй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл олон нийтэд хуулийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажилд Боловсролын яамыг нэр заан оролцуулах, түүнлэн салбар хоорондын ажлын хэсэг байгуулах тухай заалтыг хасах нь зүйтэй гэв. Тэрбээр өмнө үйлчилж байсан хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдлийг устгах нь зохимжгүй учир энэ талаар тодорхой заалт оруулах нь зүйтэй гэсэн байр суурийг мөн илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа электрон тамхины никотины агууламж өндөртэй шингэний миллилитр тусамд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хэрхэн тогтоосон талаар асууж, тамхин бүтээгдэхүүнд ногдуулах татварыг инфляцтай уялдуулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат сургуулийн орчинд 500 метрийн радиуст тамхи худалдаалахыг хориглосон зохицуулалтыг ялангуяа хөдөөгийн сумдад хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг онцлоод, энэ заалт тус орчны худалдааг далд хэлбэрт шилжүүлснээр өөр үр дүнгүй гэж үзэж байгаагаа хэлэв. Мөн тэрбээр тогтоолын төслийн шилжилтийн үеийн зохицуулалтыг судалж, арга хэмжээ авах тухай заалтыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун тогтоолын төсөлд ерөнхий томьёоллоор тусгасан ажлуудыг Засгийн газар эргэж тайлагнахад тодорхойгүй асуудал үүсэж болзошгүйг анхааруулаад, соён гэгээрүүлэх ажилд Боловсролын яамыг оруулах Д.Рэгдэл гишүүний саналыг дэмжиж байгаагаа хэлэв.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэнгийн гаргасан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 77.0 хувь нь дэмжлээ.
Үйлдвэрлэлийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх асуултын хариуг хэлэлцлээ
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир гадаад томилолттой учир танилцуулгыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хийлээ. Тэрбээр хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилгүйдлийн даатгалын сангийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж, Хөдөлмөр эрхлэлтийн сангийн төсөв буураагүй ч бүтэц нь өөрчлөгдсөн тухай дурдав. Тус сангийн 2027 оны төсөвт аймаг, дүүргүүдийн санхүүжилтийг хасалгүйгээр 2026 оны түвшинд буюу 106.7 тэрбум төгрөгөөр баталсан гэдгийг сайд мэдээлж, Сангийн хөрөнгийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ажилгүйдлийн түвшин, зорилтот бүлгийн хэрэгцээ зэргийг үндэслэн аймаг, дүүрэгт хуваарилж буйг танилцуулсан юм. Орон нутагт хуваарилсан санхүүжилтээр 2025 онд 34826, 2026 оны гуравдугаар улирлын байдлаар 20115, нийт 55 мянга гаруй ажлын байр шинээр бий болсон гэдгийг тэрбээр хэллээ.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдол буурахгүй байгааг сайд Л.Энх-Амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бэлтгэсэн мэдээллээс танилцуулсан юм. 2021-2025 онд улсын хэмжээнд 2,678 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 308 хүн амь насаа алдсан бол 2026 оны есдүгээр сарын байдлаар 635 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 54 хүн амь насаа алджээ. Энэ 11 дүгээр сарын байдлаар ослын тоо 740-д хүрч, амь насаа алдсан хүний тоо 64 болсон гэдгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх мэдээллээ.
Үйлдвэрлэлийн осол уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээвэр, агуулахын үйлчилгээний салбарт хамгийн их гарч буйг Д.Нарансүх мөн танилцуулж, хүний амь нас эрсэдсэн ослын эзлэх хувь барилгын салбарт, мэргэжлээс шалтгаалах өвчин уул уурхайн салбарт өндөр байгааг хэлэв. Өнөөдрийн байдлаар мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр авдаг 2,229 иргэн байгаа бөгөөд нийт өвчлөлийн 50.8 хувь нь тоосжилтоос үүдэлтэй амьсгалын тогтолцооны, 26.7 хувь нь мэдрэлийн, 10 орчим хувь нь химийн бодисын хордлоготой холбоотой өвчлөл байна. Мэргэжлээс шалтгаалах өвчний нийт тохиолдлын 77.2 хувь нь уул уурхайн салбарт бүртгэгджээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Саранчулуун, Д.Ганмаа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах үйлдвэрлэлийн ослын дараа нөхөн төлбөр олгохоос гадна тухайн байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт хэрхэн тавьдаг, ажилгүйдлийн даатгалыг ашиглан байгууллага хооронд байнга шилжиж, тэтгэмж авдаг тохиолдол байгаа эсэх, байгаа бол үүнийг хэрхэн зохицуулж буйг асууж, Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг нараас хариулт авав. Ажилгүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун шүүмжилж, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний бодит үр дүнг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулж буй зардал бодит үр дүн өгч байгаа гэдэгт эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж, уг зардлын тоон дүн, үг дүн, мөн эрт илрүүлгийн үр дүнгийн талаар асууж, хариулт авав. Нийт 4327 иргэн мэргэжлээс шалтгаалах өвчтэй гэж бүртгэгдсэн байдаг ч тэдний 2,029 нь тэтгэвэр авч буйг Д.Нарансүх дарга тайлбарласан юм. Урьдчилан сэргийлэх хүрээнд жилд 15 мянга орчим ажилтанд үзлэг хийдэг байна.
Асуулт тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мэдээлэл, танилцуулга хангаллтгүй байгааг шүүмжилж, үйлдвэрлэлийн осол, ажилгүйдэл нэмэгдэж буйн шалтгаан, түүний шийдэл, бодлогын талаар асуулт тавьсан гэлгээ хэлсэн юм. Тэрбээр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого сүүлийн жилүүдэд даатгалын зарлагыг нөхөж чадахгүй болсон, үйлдвэрлэлийн ослын даатгалын санд 300 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл байсаар байхад урьдчилан сэргийлэх ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа, 2025 онд үйлдвэрлэлийн ослоор 73 хүн амь насаа алдсанд ямар албан тушаалтан бодит хариуцлага хүлээснийг тодруулж лавлав. Мөн үйлдвэрлэлийн осол бол зөвхөн статистик үзүүлэлт бус, хүний амь нас, гэр бүлийн хувь заяатай холбоотойг сануулж, эрс өөрчлөлт хийх шаардлагатайг дурдлаа.
Байнгын хорооны дарга парга П.Ганзориг хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөвхөн тохиолдлын тоо, нөхөн төлбөрийн хэмжээгээр илэрхийлж болохгүй. Тохиолдол бүрийн цаана айл гэрийн амьдрал бий. Иймд урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, төлөвлөлт, хяналт шалгалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатайг тэмдэглэв.
Боловсролын шинэчлэлтэй холбоотой асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна
Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрахаас боловсролын салбарын шинэчлэлийн талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг мөн сонсож, хэлэлцлээ. Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр энэ асуудал тодорхой хэлэлцэгдсэн гэдгийг хэлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль” шийдлийн нэг болох “Хотхоны бага сургууль” хөтөлбөрийн үр дүнд энэ сарын байдлаар Улаанбаатар хотод хотхоны 21 бага сургуульд 1-2 дугаар ангийн 8660 хүүхэд суралцаж, бүлэг дүүргэлт 45-аас дээш хүүхэдтэй 1089 бүлэг байсны 600 орчим нь стандарт түвшин буюу 30-35 хүүхэдтэй болсон гэв.
Байнгын хорооны хуралдаанд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, О.Саранчулуун, Л.Энхнасан, Д.Рэгдэл, Ж.Галбадрах асууль асууж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат багшийн хомсдол харьцангуй буурч байгаа ч сургалтын чанар, багшлах ур чадварт илүү төвлөрөх шаардлагатай болсныг хэлж, англи хэлний болон шинжлэх ухааны чиглэлийн багш бэлтгэх бодлогын талаар тодруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хотхоны бага сургууль байгуулахдаа хүүхдийн зорчих зам, аюулгүй байдал, тээврийн хүртээмжийг давхар тооцох шаардлагатайг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Боловсролын зээлийн санг Хөгжлийн сан болгох зөвлөх үйлчилгээний зардлын талаар тодруулж, оюутны төлбөр болон хотхоны бага сургуулийн хүртээмжийн асуудлыг хөндөв.
Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан боловсролын цахим шилжилт болон хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах бодлого хоорондын уялдааг тодруулж, Кембрижийн хөтөлбөр аймаг бүр хэрэгжсэнээр гарах үг дүнгийн талаар асууж хариулт авав. Боловсролын цахим шилжилтийг зөвхөн компьютерын хэрэглээ гэж ойлгож болохгүйг Л.Энх-Амгалан сайд онцлоод, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, дижитал сургалтын хэрэгслийг боловсролд нэвтрүүлэх зэрэг эрэлт шаардлага их байгааг тайлбарласан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл “Хотхоны бага сургууль” хөтөлбөрийг хуульчилж, тогтвортой хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах боловсролын салбарт хэрэгжиж буй шинэчлэлүүдийг улс төрийн бус, мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэх учиртайг дурдаж, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын чанар, стандарт, хотхоны бага сургууль үнэхээр “гэрт ойрхон сургууль” болж чадсан эсэх, төрөлжсөн ахлах сургууль ердийн сургуулиудад хэрхэн нөлөөлөх зэрэг асуудлуудыг хөндөн ярилаа. Тэрбээр боловсролын шинэчлэлийн талаарх энэхүү асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.0 хувь дэмжив
