УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнөөдөр /2026.11.17/ Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, гүйцэтгэх захирал С.Даваасүрэн компанийн үйл ажиллагаа, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Тавантолгой түлш ХХК 2026-2027 оны халаалтын улиралд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авна. Өнөөдрийн байдлаар 32 цуваа 1561 вагон буюу 74.6 мянган тонн хагас коксон түлш татан авч, савлаад байна. Хагас коксон түлшийг Эрээн боомтод олон улсад итгэмжлэгдсэн CCIC лаборатори, гаалийн байгууллагын болон өөрийн лабораторит шинжлүүлж, Монгол Улсын MNS 5679: 2025 стандартын шаардлагыг мөрдүүлж байна.
Хагас коксон түлшийг татан авахад Эрээн дэх Монгол Улсын консул, Монголын төмөр зам ТӨХК, Монросцветмет ХХК, Улаанбаатар төмөр зам ХНН дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээгээд түлшний нөөц, борлуулалтын талаарх өдөр тутмын мэдээллийг хамтатган өгөв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн иргэдийн санал хүсэлтийн дагуу Тавантолгой түлш ХХК-д ажиллаж буйгаа хэлээд түлшний татан авалт, түгээлт, илчлэг чанар, хүрэлцээ хангамжийн талаар зарим зүйлийг тодруулж, компанийн удирдлагуудаас хариулт авлаа.
Тавантолгой түлш компани өнөөдрийн байдлаар 48.1 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна. Хотула аппликейшнээр цэгүүдээс өдөр бүр захиалга авч, өдөрт 2100 тонн шахмал түлшийг борлуулалтад гаргаж байна.