ХЭРЭГЛЭЭНИЙ ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ 30%, ДУЛААНЫХЫГ 50% НЭМЭХЭД ИНФЛЯЦ 0.7-1 ХУВИАР ӨСНӨ

GNNGNN
Sep 26, 2024  
 0
ХЭРЭГЛЭЭНИЙ ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ 30%, ДУЛААНЫХЫГ 50% НЭМЭХЭД ИНФЛЯЦ 0.7-1 ХУВИАР ӨСНӨ

Монголбанкнаас өнөөдөр буюу есдүгээр сарын 06-ны өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар танилцууллаа.

Тухайн асуудлын талаар Монгол банкныерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Үндсэн хуульд зааснаар төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүр Улсын Их Хурал(УИХ)-аас баталдаг. Монголбанк төслөө бэлдэж, олон нийтэд танилцуулан, эдийн засагч, судлаачид, банкуудын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонссон юм. 

КОВИД-19 цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлсэн байна. Сэргэлтийн зам дээр гарсан байгаа тул дунд болон урт хугацаандаа үүнийг тогтвортой байлгах мөнгөний бодлогыг баримтлахаар төслөө бэлдлээ. 

1.     Дунд хугацаанд инфляцын зорилтот түвшинг 6±2 гэдэг голчоо 5 руу шилжүүлэхээр зорино. 

2.     Эдийн засаг сэргэж байгаатай холбоотой санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн нэмэх вэ, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн болон өртгийн сүлжээ, кластер маягаар аж үйлдвэрийг бүсчлэн хөгжүүлэх тал руу мөнгөний бодлогыг чиглүүлнэ.

3.     Банк санхүүгийн салбарт үйлчилдэг хэд хэдэн хууль бий. Тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. 

Тодруулбал Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдаад 5-6 жил, Зээлийн мэдээллийн сангийн тухайн хууль батлагдаад 10 гаруй жил болсон тул тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлага бий. Банкны тухай хуульдаа мөн нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байгаа.

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барихаар төлөвлөж байна.

Мөн дээрх төсөлд банк санхүүгийн салбарыг илүү тогтвортой байлгахад чиглэсэн зорилтуудыг багтаасан. Үүнийг тайлбарлавал, Системийн нөлөө бүхий таван банк Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон. 73 мянган хувьцаа эзэмшигч бий. Энэ утгаараа банк санхүүгийн салбарыг олон улсын жишигт нийцсэн, хянан шалгадаг тогтолцоонд шилжүүлье гээд хяналт шалгалтын олон улсын тогтолцоог нэвтрүүлэх зорилтуудыг оруулсан.

Түүнчлэн энэ оны арваннэгдүгээр сараас цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг нэмэхээр болж буй. Төв банк инфляцтай холбоотой ямар эрсдэл, сорилт байх талаар судалж байгаа. Цахилгаан, дулааны үнэ чөлөөлөх асуудал нэлээд эртнээс яригдсан. Шууд чөлөөлснөөр инфляцад ямар дарамт үүсгэх вэ, зугуухан буюу хэсэгчилсэн байдлаар үнэ чөлөөлбөл ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг ч тооцож үзлээ. Арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50 хувь нэмэх шийдвэр гарч байгаатай холбоотой тооцоо судалгаа хийхэд ерөнхийдөө 0.7-1 хувь орчмын инфляцын дарамт орж ирнэ" хэмээв.