Б.МӨНХБАТ: СЭЛБЭ ДЭД ТӨВ, ДЦС-5-ЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ЗАРИМ МЕГА ТӨСЛИЙГ ЗОГСООНО

GNNGNN
May 19, 2026  
 0
Б.МӨНХБАТ: СЭЛБЭ ДЭД ТӨВ, ДЦС-5-ЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ЗАРИМ МЕГА ТӨСЛИЙГ ЗОГСООНО

              Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, худалдан авах ажиллагааны явц болон цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцлээ. Өдгөө нийслэлд Засаг даргын 97 дугаар захирамжийн дагуу он дамжсан 46, шинээр хэрэгжиж буй 439, нийт 485 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс тендер шалгаруулалт нь 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа ч ирэх 5 дугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулах боломжгүй 47 төсөл байгааг албаныхан мэдээлэв.

             Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат хотын хөрөнгө оруулалт, мега төслүүдэд томоохон өөрчлөлт оруулах тухай онцоллоо.

             Тэрээр, “Ерөнхий сайдын 05 дугаар албан даалгавраар Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ зогсонги байгаа. Бид Туулын хурдны зам дээр шийдэл гаргаж, Сэлбэ орон сууцжуулах төсөл болон Дулааны тавдугаар цахилгаан станцын (ДЦС-5) ажлыг эрчимжүүлнэ. Тойрог зам, трамвайн тендер зарлагдаад явж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдээс шийдвэрлэх боломжтойг нь Засгийн газарт танилцуулна. Харин үлдсэн мега төслүүдийг зогсоох зэргээр арга хэмжээ авч, төсвийн тодотголоор зардлыг цэгцэлнэ” гэв.

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРУУД

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат зөвлөгөөний төгсгөлд холбогдох албан тушаалтнуудад дараах чиглэлээр шуурхай ажиллахыг үүрэг болголоо.

1. Дэд бүтэц, бүтээн байгуулалт ба өвөлжилтийн бэлтгэл

  • Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх: Сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэл, авто болон явган хүний замын ажлыг хурдасгах.
  • Тохижилт, өнгө үзэмж: Ногоон байгууламж, орчны тохижилт, орон сууцны барилгуудын гадна фасад засварыг эрчимжүүлэх.
  • Өвөлжилтийн бэлтгэл: Түлшний нөөц бүрдүүлэх, татан авах ажлыг одооноос шуурхай зохион байгуулах.
  • Төсвийн тодотгол: Нийслэлийн төсөвт тодотгол хийх бэлтгэл ажлыг бүрэн хангах.

2. Төр, засгийн шийдвэрүүд ба өмчийн зохицуулалт

  • Ус хангамжийн хөтөлбөр: Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу Мянганы сорилтын компакт гэрээгээр хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хаалттай холбоотой арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангах.
  • Ашиглалтын зардал: Өөрийн эзэмшлийн байргүй төрийн байгууллагуудыг орон нутгийн өмчийн барилга байгууламжид ашиглалтын зардлаар нь байршуулах асуудлыг судалж танилцуулах.

3. Нийтийн арга хэмжээ ба аюулгүй байдал

  • “Улаанбаатар марафон 2026”: Олон улсын гүйлтийн тэмцээний үеэр иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, зохион байгуулалтыг сайжруулах.
  • Баяр наадам: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон "Хүрээ цам-Даншиг наадам”-ын бэлтгэлийг сайтар хангах.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал: Нийслэлийн хэмжээнд өрнөж буй бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) стандартыг мөрдүүлж, хяналтаа чангатгахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгав.