ЭНЭ ЖИЛ ДОПИНГИЙН ХАРИУ 45 ХОНООД БУС 48 ЦАГИЙН ДОТОР ГАРНА

GNNGNN
Jun 25, 2024  
 0
ЭНЭ ЖИЛ ДОПИНГИЙН ХАРИУ 45 ХОНООД БУС 48 ЦАГИЙН ДОТОР ГАРНА

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд оролцсон тамирчдаас авах шинжилгээг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн ХБНГУ-ын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлэхээр болжээ. Ингэснээр өмнө сар гаруйн хугацаанд шинжилгээний хариу гардаг байсан бол энэ удаад 48 цаг буюу хоёр хоногийн дотор гарах боломжтой болж байна.

Энэ талаар МОНАДА-ын холбогдох ажилтан "Долдугаар сарын 13-нд Бямба гараг таарч байгаа. Тиймээс тамирчдын сорьцыг Допингийн хяналтын ажилтан шууд нислэгээр Германы лабораторид долдугаар сарын 14-нд хүргүүлж, хариуг 48 цагийн дотор буюу долдугаар сарын 16-нд гаргуулах боломжтой.

Шинжилгээний хариуг Германы лаборатори Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, бөхийн салбар хороонд цахим шуудангаар илгээнэ. Гэхдээ шинжилгээгээр ямар нэгэн хориотой эм бэлдмэл илэрвэл сэжигтэй гэсэн хариу ирүүлдэг. Энэ тохиолдолд тамирчны нэрийг зарлах боломжгүй. Тэгэхээр заавал 14-21 хоногт баталгаажуулах шинжилгээ өгсний дараа нийтэд нээлттэй мэдээлнэ" гэлээ.

Одоогоор МОНАДА-ын авч буй шинжилгээний 60-70 хувь нь Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид очдог. Тус лабораторитой энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хамтран ажиллаж эхэлсэн байна.


Жил бүрийн наадмын дараа допингийн шинжилгээний хариу ирэх гэж бараг сар, хоёр сар болдог гэхэд хилсдэхгүй. БНСУ-ын лаборатори нь дараалал ихтэй учраас гэх тайлбарыг холбогдох албаныхан өгдөг. Тэгвэл манай улс үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх гэж хүлээлгэд орж, удаан хугацаанд хүлээдэг. Уг нь жил болгон наадмын төсөвт допингийн зардал гэж тусгадаг ч эл мөнгийг яг юунд зарцуулдагаа, БНСУ-ын лабораторт төлбөр гэж шилжүүлдэг эсэхээ тайлагнахгүй өдий хүрсэн.

Энэ мэт явдал чирэгдэл ихтэйн хар гайгаар допингийн шинжилгээний хариуд бөхчүүд болон иргэдийн итгэл ч алдарсаар байсан билээ. Тэгвэл уг асуудлыг энэ жилээс эхлэн халж, илүү найдвартай, хурдан шуурхай аргаар шинжлүүлэхээр болсон нь хэн бүхний баярыг төрүүлж буй биз ээ.