Д.НЯМХҮҮГ ЦАГААТГАСНЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ УДШ ХЭЛЭЛЦЭНЭ

GNNGNN
May 6, 2025  
 0
Д.НЯМХҮҮГ ЦАГААТГАСНЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ УДШ ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын дээд шүүхээр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдлыг  тавдугаар сарын 8-нд хэлэлцэхээр товложээ. Улсын дээд шүүхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны цагаатгах тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар магадлалтай прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэх юм. Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл  шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Хоёрдугаар сарын 26-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс "ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна" гэж үзжээ. Сануулахад Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.