ОН ГАРСААР 1989 ХҮН СКҮҮТЭР, МОПЕДЫН ОСЛООР БЭРТЖЭЭ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт энэ оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, суррон болон цахилгаан дугуй зэрэг бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийн нийт 1989 тохиолдол бүртгэгджээ.
Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан 6-7 дугаар сард 1235 тохиолдол нэмэгдэж, осол гэмтлийн тоо эрс өссөн үзүүлэлттэй гарчээ. Бүртгэгдсэн осол гэмтлийн тохиолдлоос үзэхэд эрэгтэйчүүд илүүтэй өртжээ. Осол гэмтлийг тээврийн хэрэгслийн төрлөөр нь авч үзвэл мопедоос үүдэлтэй осол хамгийн их хувийг эзэлж байна. Үндсэндээ, эхний таван сард 335, зуны хоёр сард 774 буюу нийт 1,109 тохиолдолд хүрсэн байна.
Мөн эхний долоон сарын байдлаар суррон болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй 347, скүүтерээс үүдэлтэй 250 тохиолдол тус тус бүртгэгджээ. Үүнээс гадна дээрх бичил моторт хэрэгслүүдэд мөргүүлж бэртсэн явган зорчигчийн тоо энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 283-т хүрсэн байна. Насны бүлгийн хувьд насанд хүрэгчид буюу 20-иос дээш насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байгаа аж.
15-19 насны залуучууд бэртэж гэмтэх нь их байгаа бөгөөд тус эмнэлгээс энэ насны 677 иргэн тусламж үйлчилгээ авснаас мопед, суррон болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй бэртэл гэмтэл давамгайлж байна.
