БИД, ТЭД: МОНГОЛД СУРГУУЛЬ ХАНГАЛТГҮЙ, ХАРИН ХӨРШ ОРНУУДАД СУРАГЧГҮЙ БОЛЖ ХААГДАЖ БАЙНА

БИД, ТЭД: МОНГОЛД СУРГУУЛЬ ХАНГАЛТГҮЙ, ХАРИН ХӨРШ ОРНУУДАД СУРАГЧГҮЙ БОЛЖ ХААГДАЖ БАЙНА

GNNGNN
May 7, 2025  
 0
БИД, ТЭД: МОНГОЛД СУРГУУЛЬ ХАНГАЛТГҮЙ, ХАРИН ХӨРШ ОРНУУДАД СУРАГЧГҮЙ БОЛЖ ХААГДАЖ БАЙНА

Нийслэлд сургуулийн хүрэлцээ олон жилийн турш шийдэгдээгүй асуудал болсоор байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 80 орчим хувь сургууль 40-өөс дээш сурагчтай ангиудаар хичээллэж байна. Жишээлбэл, 920 хүүхдийн хүчин чадалтай 16-р сургуульд өнөөдөр 2800 орчим сурагч суралцаж байгаа бол Хан-Уул дүүргийн 163-р сургуулийн хамгийн цөөн сурагчтай анги нь 42 хүүхэдтэй байна. Энэ нь сургалтын орчин стандарт хангах боломжгүй, боловсролын тэгш хүртээмж алдагдаж буйг илтгэнэ.

Харин нөгөө талд, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсад төрөлт буурсан, хүн амын насжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор сурагчгүй болж сургуулиуд хаагдаж байна. 2024 онд Өмнөд Солонгост 49 сургууль хаагдахаар болсон бол Японд сүүлийн жилүүдэд жил бүр 450 орчим сургууль хаагдаж байгаа аж. Хаагдсан сургуулиудыг соёлын төв, ахмад настны үйлчилгээний газар, урлагийн галерей, номын сан, нийгмийн халамжийн байгууллага зэрэг олон нийтийн зориулалтаар дахин ашиглаж байна.

Энэ нь боловсролын хүртээмж, нийгмийн хөгжлийн түвшин улс орон бүрт ямар ялгаатай байгааг харуулж байна. Монголд хэт ачаалалтай анги танхим, гурван ээлжээр хичээллэх байдал нийтлэг хэвээр байгаа бол зарим улс оронд эсрэгээрээ, сургууль хаах асуудал яригдаж байна. Тиймээс бид зөвхөн сургуулийн тоог нэмэгдүүлэхээс гадна, боловсролын шинэ чиг хандлага, технологийн хүртээмж, ирээдүйн хэрэгцээнд нийцсэн төлөвлөлт хийх шаардлагатай цаг үе ирээд байна.