АНУ, ИРАНЫ ТАЛУУД ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ГАЛ ЗОГСООХООР ТОХИРОЛЦЛОО
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай тохиролцоонд хүрч, хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор болсныг мэдэгдлээ.
Ираны талаас АНУ-тай хийх хэлэлцээ баасан гарагт Пакистаны нийслэл Исламабадад эхэлнэ гэдгийг мэдэгдсэн.
Ираны төрийн хэвлэл Трамп Ираны тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж мэдээлсэн бөгөөд үүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн “ичгэвтэртэй ухралт” хэмээн тодорхойлжээ.
Трампын мэдээлснээр уг тохиролцоонд Иран Ормузын хоолойг нээх нөхцөл мөн багтсан аж.
Ираны Гадаад хэргийн сайд сөрөг довтолгоогоо зогсоож, Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж мэдэгджээ.
Зургаа дахь долоо хоногтоо үргэлжилж буй энэ дайн 5000 гаруй хүний аминд хүрээд байгаа бөгөөд зөвхөн Иранд 1600 гаруй иргэн амиа алдсан гэж албаны болон хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн.
Цагаан ордны эх сурвалжийн мэдээлснээр Израил мөн уг гал зогсоох тохиролцоонд нэгдсэн буюу Иран руу хийх довтолгоогоо зогсоохоор болжээ.
Талууд тохиролцоонд хүрсний дараа газрын тосны үнэ огцом буурч баррель нь 92 ам.доллар болсон байна.
Трампын Ираны талд тавьсан хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байсан бөгөөд тохиролцоонд хүрэхгүй бол Ираныг нэг шөнийн дотор устгана хэмээн сүрдүүлж байв.
