А.НАМСАМАНД СУУДАЛДАА ХЭВЭЭРЭЭ БАЙНА
С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөлөхтэй зэрэгцэн ШШГЕГ-ын дарга А.Намсаманд болон нэр нь холбогдсон бусад удирдлагыг ажлаас нь чөлөөлж, шалгуулах чиглэлийг Ерөнхий сайд өгч байсан нь саяхан.
Ингэснээрээ С.Амарсайханаас гадна түүний эсрэг болон түүнд холбогдох мэдээллийг дэлгэсэн төрийн тусгай байгууллагын удирдлагууд ч мөн хариуцлага хүлээх нь гэж ойлгогдож байв.
Сануулахад 9 дүгээр сарын 16-ны Засгийн газрын албан мэдээлэлд Ерөнхий сайд Н.Учрал “нэр дурдагдсан харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг чөлөөлөх чиглэл өгсөн” гэж байв. Мөн өмнө нь А.Намсаманд С.Амарсайхантай холбоотой ноцтой асуудлуудыг олон нийтэд дэлгэсэн бол С.Амарсайхан хариу мэдэгдэлдээ ШШГЕГ-ын удирдлагуудтай холбоотой өөр асуудлуудыг дэлгэсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар ШШГЕГ-ын дарга А.Намсамандын албан тушаалын асуудал, бусад нэр дурдагдсан удирдлагуудын хариуцлага хэрхэн эцэслэгдсэн эсэх асуудлыг нууцалж байна.
Хэрэв Ерөнхий сайдын хэлсэн “чөлөөлөх чиглэл” үнэхээр хэрэгжсэн бол холбогдох бүх албан тушаалтны чөлөөлөлт, шийдвэрийн эрх зүйн үндэслэл, шалгалтын явцыг яагаад тодорхой мэдээлэхгүй байна вэ? Ерөнхий сайд Н.Учрал А.Намсамандыг сугалж үлдээсэн нь зүгээр л улс төрийн дарамтыг намжаах зорилготой байв уу? Учир нь агентлагийн дэд дарга нарыг ХЗДХ-ийн сайд бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлж, томилох эрхтэй бол А.Намсаманд мэтийн дарга нарыг Засгийн газрын тогтоолоор чөлөөлдөг байна.
Харин энэ тогтоол одоог болтол Г.Тэмүүлэн дээр ирээгүйг бодоход Н.Учрал А.Намсамандын ар, өвөрт барьцаатай болж таарч гэж хардаж болох. Ингэж харвал С.Амарсайхан зүгээр нэг бөмбөг тэслээгүй, үнэхээр төрийн байгууллагын доторх бодит зөрчлийг ил болгосон байж болох тухай асуудал эндээс эхэлж болохоор харагдаж байгаа юм.
