209 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН ГУРИЛЫН КОМПАНИУДЫН УЛСТӨРЧ ЭЗЭД

GNNGNN
Mar 22, 2024  
 0
209 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН ГУРИЛЫН КОМПАНИУДЫН УЛСТӨРЧ ЭЗЭД

УИХ-ААР ӨЧИГДӨР /2024.03.21/ ГУРИЛЫГ "ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙГ ХЭЛЭЛЦСЭН. ЭНЭ ҮЕЭР ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ӨНГӨРСӨН 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВСАН ААН-ҮҮДИЙГ ЗАРЛАСАН ЮМ.

- Х.Баттулга ба "Милл хаус" -

“Милл хаус” 48 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ"Милл хаус” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул 2007 онд байгуулж, 2009 онд гурилын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Энэ компанийг Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн нэр дээр бүртгэсэн байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 1 тэрбум 80 сая төгрөгийг бэлнээр тээвэрлэж явсан машиныг цагдаа нар саатуулсан байдаг. Энэ хэрэг 2017 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болсон бөгөөд "Toyota-4 Runner" 0308... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад, илэрсэн гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байв.

Уг автомашин нь “Милл Хаус” компанийн эзэмшлийнх байсныг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг.

-"Өгөөж гурил" ХХК сандалны 3 тендерт шалгарч байжээ -

"Өгөөж гурил” ХХК 37 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ. "Өгөөж гурил" ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд М.Энхтуяа, Б.Даваасамбуу нар хувьцаа эзэмшиж байна. Гүйцэтгэх захирлаар нь Б.Даваасамбуу, эцсийн өмчлөгчөөр нь дээрх хоёр хүн бүртгүүлжээ.

Уг компанийн оролцсон тендер нь анхаарал татав.

Гурил үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бүртгүүлсэн ч оролцсон тендер дунд нь Дархан-Уул аймагт 2021 оны долдугаар сард 64 сая төгрөгийн морь барианы газрын үзэгчдийн сандал, 43 сая төгрөгөөр сурын талбайн үзэгчдийн сандал, 70 сая төгрөгөөр гурван эгнээтэй зөөврийн сандал барьжээ. Дээрх хөрөнгө нь орон нутгийн төсвөөс гарсан байна.

- Ц.Баатарсайханы гэр бүлийн монополь

“Улаанбаатар гурил” ХХК нь 43 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ. Уг компани нь 2005 онд байгуулагдсан. Хувьцааг нь "Таван богд холдингс" эзэмшдэг. “Таван богд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Оюунсүрэн нь "Улаанбаатар гурил" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Уг компани нь 2018 онд Гадаад харилцааны яамнаас захиалсан "БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламжаар 967 сая төгрөгийн гурил нийлүүлэх" сонгон шалгаруулалтад шалгарчээ. Улсын төсвөөс дээрх хөрөнгө нь гарсан байна. Харин 2022 онд улсын нөөцөд малын тэжээл худалдан авах 648 сая төгрөгийн тендерт тэнцээгүй хасагджээ.

“Од групп” ХХК нь 25 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан. Тус компанийн захирал Ц.Отгонбаатар нь “Таван Богд” группийн Ц.Баатарсайханы төрсөн дүү.

Ташрамд дурдахад, Хаан банкны хувьцааны 40 хувийг Ц.Баатарсайхан болон түүний гэр бүлийнхэн эзэмшдэг. Тодруулбал, Ц.Баатарсайханы гэргий Д.Хулан банкны хувьцааны 14.69 хувийг дангаараа, "Таван Богд Трэйд" ХХК-ийнхаа 25.31 хувийг эзэмшдэг байна. Хаан банкны 40 хувийг эзэмшигч "Таван Богд" группийн нэгдэлд 21 охин компани багтдаг бөгөөд барилга, үл хөдлөх, нийтийн хоол, үйлчилгээ, ноолуур, үйлдвэрлэл, аялал жуулчлал, банк санхүү, франчайзинг зэрэг эдийн засгийн үр ашигтай салбарт бизнес эрхэлдэг.

- Х.Болорчулуун ба “Дорнод гурил” ХХК -

"Дорнод гурил” ХХК 10.5 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун 2005 онд дээрх компанийг байгуулсан. Харин хувьцаа эзэмшигчээр нь С.Энхбаяр, Б.Алтанзул, Т.Болд, Т.Чимгээ, Д.Сүхбаатар нарын нэрс байна.

“Дорнод гурил” ХХК-ийн шалгарсан тендерүүд

·         2018 онд Дорнод аймгийн орон нутгийн өмчит газраас захиалсан 68 сая төгрөгийн сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол хүнсний тендер,

2018 оны тавдугаар сард Дорнод аймгийн сургуулийн хүүхдийн "Үдийн цай" хөтөлбөрт 65 сая төгрөгийн тендер,

·         2019 оны тавдугаар сард Дорнод аймгийн тавдугаар цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний 55 сая төгрөгийн нээлттэй тендерт шалгарсан. Энэ мөнгө нь улсын төсвөөс гарсан байна.

2019 оны тавдугаар сарын 24-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын наймдугаар сургууль "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт шалгарч улсын төсвөөс 84 сая төгрөг авсан.

·         2019 оны тавдугаар сарын 24-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хүүхдийн хоол хүнсний матералын 85 сая төгрөгийн тендерт шалгарсан. Энэ мөнгө нь улсын төсвөөс гарсан.

2019 оны тавдугаар сарын 24-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолборын дотуур байрны хүүхдийн хоол хүнсэнд зарцуулах 86 сая төгрөгийн тендерт шалгарсан.

·         2019 онд "Шинэ хөгжил" цогцолбор сургуулийн тендерт шалгарч 119 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулсан.

- Малын тэжээл бэлтгэх 100 саяын тендерт шалгарч байжээ -

"Хөвсгөл алтан дуулга” ХК нь 1 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан тус компани нь 2005 онд байгуулагдсан. Гүйцэтгэх захирлаар нь Н.Одончимэг ажиллаж байна. Үр тарианы гурил, үйлдвэрлэл, малын тэжээлийн үйлдвэрлэл, үхэр сарлаг өсгөх зэрэг чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Эцсийн өмчлөгч байхгүй.

2017 онд Хөвсгөл аймагт малын тэжээл бэлтгэх 100 сая төгрөгийн тендерт шалгарч байжээ. Өөр шалгарсан тендер олдсонгүй.

"Ерэн цагаан" ХХК нь 2013 онд байгуулагдсан. Ц.Ганхүү, Х.Отгонзориг, хувь эзэмшдэг. Захирлаар нь Ц.Ганхүү ажиллаж байна. Эцсийн өмчлөгч нь Ц.Ганхүү, Х.Отгонзориг. Оролцсон тендер байхгүй.