ТБХ:ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.09.14/ хуралдаан 13 цаг 13 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 19 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Р.Батболд, Х.Булгантуяа, Ж.Баясгалан, Ж.Ганбаатар, П.Ганзориг, Г.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн нар хүрэлцэн ирснээр хуралдаан 63.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүгийг хийлээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын Байнгын хороод 2026 оны 8,9,10 ны өдрүүдэд төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх танилцуулгыг Төсвийн байнгын хороонд хүргүүлснийг гишүүдэд тараасан гэдгийг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Д.Жаргалсайхан, Г.Ганбаатар, Х.Ганхуяг нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд төсвийн төслийн хүрээнд үнэ тогтворжуулахад 150 тэрбум, эрчим хүчний засвар, татаас 200 тэрбум, гэрт ойр сургууль 50 тэрбум гэх зэргээр 1.4 их наяд төгрөгийн өөрчлөлт гараад байхад хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөхгүй байгаагийн шалтгааныг тодруулав. Мөн иргэдийн бодит орлогын өсөлт хэрхэн өөрчлөгдөх, гэрт ойр сургууль арга хэмжээнд төсөвлөсөн 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг илүүтэй лавлаж байлаа.
Ажлын хэсгээс Сангийн сайд З.Мэндсайхан, Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын зардлын ангилал өөрчлөгдөж байгаа учраас үр дүнд өөрчлөлт гарна. Төсвийн тодотгол иргэдийнхээ орлогыг хамгаалах, инфляцын өдөөлтийг бууруулах зорилгоор нөөц бүрдүүлэх хоёр үндсэн бодлогын хүрээнд боловсруулсан гэв. Мөн инфляцын бүтцийн 50 хувь нь дотоодын хүнс, ногоо, гурил нөгөөтээгүүр шатанхуун, түлшний үнэ эзэлж байгааг хариултдаа тодотгохын зэрэгцээ хоёр салбарын цалин, урамшуулыг нэмэгдүүлснээс болоод бусад салбаруудад асуудал үүссэнийг төсвийн тодотголын хүрээнд шийдвэрлэхээр оруулж ирсэн. Мөн инфляцын үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа 450 орчим мянган ахмадуудынхаа орлогыг хамгаалах бодлогыг оруулж ирсэн хэмээн тайлбарыг өгч байлаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан, төсвийн тодотголын төсөлд гэрт ойрхон сургуулийн хүрээнд зарцуулах 50 тэрбум төгрөгийг Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн хөтөлбөрийн шинэчлэл буюу сургалтын орчин, сурах бичгийг сайжруулах, төрийн өмчит сургуулийн өргөтгөл барих зэрэг дөрвөн төрлийн төсөл, хөтөлбөрт чиглүүлнэ гээд ямар нэг хувийн сургуульд мөнгө өгөх тухай асуудал хөндөөгүй гэдгийг онцлон тэмдэглэв.
Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүгийг хийсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар тогтов
