О.НОМИНЧИМЭГ: ГУРВАН Т.НЯМДАВААГ РЕГИСТРИЙН ДУГААРААР НЬ Л ЯЛГАЖ БАЙНА
Төв цэнгэлдэх хүрээлэн улсын өмч байсан. 1990-ээд оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжээд өмч хувьчлал явагдсан. Үүний үр дүнд 1993 онд анх төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмч хувьчлалын асуудал яригдаж 30 хувийг ягаан тасалбараар өмч хувьчилсан. 4 иргэн төв цэнгэлдэх хүрээлэнгийн 30 хувийг өмчилсөн бол 70 хувь нь төрийн өмчит байсан. 1999 онд анх удаа төв цэнгэлдэх хүрээлэнд 38.6 га газрын ашиглах эрхийг өгсөн. Ашиглах эрх гэдэг нь бусдад шилжүүлэх боломжгүй зөвхөн зориулалтын дагуу ашиглах эрхийг хэлдэг. Одоо энэ газар 12.6 буюу гурав дахин багассан.
Дээрх ашиглах эрхийг олгохдоо зөвхөн спорт болон биеийн тамирын зориулалтаар мөн ногоон байгууламжаар ашиглаж болно гэсэн ашиглалтын гэрээтэйгээр Төв цэнгэлдэх хүрээлэнд улсаас газар олгосон.
1999 онд газар авсныхаа дараа буюу 2000 онд дахин өмч хувьчлал явагдсан. Төрийн өмчийн хорооноос явагдаад тухайн үед 30 хувийг нь эзэмшиж байсан Т.Нямдаваа гэх хүнд давуу эрхтэйгээр 19 хувийг нэмж олгосон. Т.Нямдаваа нийтдээ 49 хувийн хувьцаатай, нийслэл 51 хувийн хувьцаатай болсон. Гол эргэлтийн цэг нь 2004 онд болсон. Ниислэл 51 хувь, Т.Нямдаваа 49 хувийг эзэмшиж байсан боловч НИТХ-ын тогтоолгүйгээр зөвхөн хамтарсан төв цэнгэлдэх хүрээлэн гэх компанийн ТУЗ-өөр нийслэлийн өмчийн 2 хувийг Т.Нямдаваад өгсөн.
2004 оны ТУЗ-ийн шийдвэр бол компанийн удирдах эрхийг хувийн этгээдэд өгөөд Т.Нямдаваа гэдэг хүн өөрөө ТУЗ-ийн дарга, хамаатан саднаа гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүд болгоод компанийг удирдлагадаа авсан.
2005-2006 онд НИТХ шүүхэд хандсан. Улсын дээд шүүхээр 49/51 хувь маргаантай байхад 2007 онд Т.Нямдаваа улсын бүртгэлд төв цэнгэлдэхийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байгаа юм. Ингэхдээ хуурамч бичиг баримт ашиглаж бүртгүүлсэн. Дараа нь дангаараа шийдвэр гаргаж төв цэнгэлдэхийн газруудыг зарсан. Улмаар 386 га газар бусад этгээд рүү шилжсэн. Төв цэнгэлдэхийн газрыг 29 хувааж, зарсан асуудал яригдаж байна.
Түүнд хууль дүрэм үйлчилдэггүй. Одоо бол хуулийн дагуу явна. Нийслэлийн иргэдийн өмч болох төв цэнгэлдэхийг буцааж авна. 1993 онд 4 хүн төв цэнгэлдэхийг хувьчилж авсан гэдгийг дээр дурдсан. Т.Нямдаваа 28 орчим хувь бусад хүмүүс нь бага хувьцаатай байсан. Энэ 4 хүн хуралдаад бүх хувьцаагаа Т.Нямдаваад өгсөн. Эртний баримт бичгийг хуурамчаар төөрөгдүүлэх хэлбэрээр улсын бүртгэлд өгсөн. 2007 онд Т.Нямдаваа мэдсээр байж 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Ингэснээр нэг хүний компани болгож хувиргасан. "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК нь 51 хувийг Т.Нямдаваа эзэмшиж байна.
Удирдлагын бүтцийг нь харвал хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга Т.Нямдаваа нь өнгөрсөн жил нас барсан. Төрсөн дүү болох Т.Нямдаваа нь одоо ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Регистрийн дугаараар нь л ялгаж байна.
ТУЗ нь 5 гишүүнтэй. 2 нь ах, дүү Т.Нямдаваа, гурав дахь нь нас барсан Т.Нямдаваагийн хүү Н.Булгантамир гэх хүн бий.