ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫГ 21 ДЭХ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногт улс орон даяар тэмдэглэдэг Үндэсний бичиг үсгийн баярын нээлт Үндэсний номын санд өнөөдөр боллоо.
Өнөө жил 21 дэх удаагаа ёслон тэмдэглэж буй Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслолын үеэр “ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв” бичиг соёлын үзэсгэлэн, “Үндэсний бичиг, соёлын гайхамшигт дурсгалууд” үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгов.
Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор монгол бичгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлаад буй билээ.
Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгэлтэй 7 дурсгал бий бөгөөд эдгээрийг бүгдийг нь Монгол Улсын Үндэсний номын сангаас бүртгүүлсэн байдгаас зургаа нь тус номын сангийн сан хөмрөгт хадгалагддаг юм. Үндэсний бичиг үсгийн баярт зориулсан үзэсгэлэнд ЮНЕСКО-д бүртгэлтэй эдгээр баримтат өвүүдийг тусгайлан дэлгэж, олон нийтэд толилуулж байна.
Мөн энэ үеэр "Монгол Улсын Үндэсний номын сан дахь монгол бичгийн өв" номын нээлтийг хийж, МУИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын 22 дахь удаагийн олимпиад”-ын шилдгүүдэд шагналыг гардуулсан юм.