СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР НАЙМАН ХОНОГ АЖИЛЛАЖ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд ойн түймэр гарчээ. Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа бол Ерөө суманд гарсан түймрийг өчигдөр бүрэн унтраасан байна. Тодруулбал,
Хүдэр сумын Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 22:10 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, орон нутгийн иргэдтэй хамтран 2 бүлэг болон хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. 07.21-ний өдөр түймрийн голомтод бага зэргийн бороо орсон. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртсөн.
Ерөө сумын Бугант багийн "Марзын гарам" гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан орон нутгийн иргэд, ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.19-ний өдрийн 18:00 цагт цурамд оруулж, 07.21-ний өдрийн 11:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 2 га орчим талбай өртөж шатжээ.