Б.УУГАНБАЯР: ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД ӨВС ТЭЖЭЭЛ ХҮРГЭЖ, ЗАМ ГАРГАХАД 110 САЯ ТӨГРӨГИЙН ШАТАХУУН ЗАРЦУУЛСАН
Цас, зудын нөхцөл байдал болон ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар УОК, ЦУОШГ-аас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, "Сүүлийн өдрүүдэд 21 аймгийн онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн 154 сумын 2829 малчин өрхөд 465 өвс, 36108 малчин өрхөд 2079 тонн тэжээл тарааж, 7986 км хаагдсан замыг давхацсан тоогоор 2927 алба хаагч, 1283 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нээсэн.
Төрийн цэргийн болон хууль сахиулахын байгууллагын 245 алба хаагч энэ сарын 19-23-ны хооронд 114 тээврийн хэрэгсэлтэйгээр өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 74 суманд 1966 айл өрхөд хүрч, 10.009 км хаагдсан зам гаргаж, 1528 тонн өвс тэжээл хүргэсэн.
Ажиллагааны хугацаанд нийт 12 тонн A-92, 20 тонн ДТ, 110 сая төгрөгийн шатахуун зарцуулаад байна" гэв.