ШАХМАЛ ТҮЛШИЙГ 25 КИЛОГРАММЫН САВЛАГААТАЙГААР НЭГ ШУУДАЙГ 3,750 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛНА
2026-2027 оны халаалтын улирал маргааш буюу 2026 оны 9-р сарын 15-ны Мягмар гарагт эхэлж, шахмал түлшийг худалдаанд гаргана.
Энэ удаагийн халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах нийт 500 цэг ажиллахаар болсон байна. Үүнээс 446 цэг нь тогтмол ажиллах бол 54 цэгийг нөөцөд байлгах аж.Шахмал түлш борлуулах цэг ажиллуулах хүсэлтийг 734 иргэн гаргаснаас 446 иргэнтэй гурвалсан гэрээ байгуулж, түлшийг худалдаанд гаргахад бэлэн болжээ.
Борлуулалтын цэгүүдийг сонгон шалгаруулахдаа долоон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдлын эсрэг тэмцэх тасаг, хороодоос санал авч, дүүргийн төлөөлөл болон “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажилласан байна. Улмаар шаардлага хангасан иргэдтэй гэрээ байгуулжээ.
Шахмал түлшийг 25 килограммын савлагаатайгаар нэг шуудайг 3,750 төгрөгөөр худалдаалах юм.
Энэ жил айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлш борлуулах бөгөөд аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэхээр төлөвлөжээ.
