Н.ӨНӨРЦЭЦЭГТ ТӨРИЙН НУУЦ ХАДГАЛУУЛСАН ГЭХ ХҮН БОЛ БОАЖ-ЫН САЙД АСАН Б.БАТ-ЭРДЭНЭ

GNNGNN
Jul 23, 2024  
 0
Н.ӨНӨРЦЭЦЭГТ ТӨРИЙН НУУЦ ХАДГАЛУУЛСАН ГЭХ ХҮН БОЛ БОАЖ-ЫН САЙД АСАН Б.БАТ-ЭРДЭНЭ

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт өнгөрсөн баасан гарагт таван зүйл ангийн хүрээнд дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон.

Тэрбээр өдгөө 461-р нээлттэй хорих ангид хоригдож буй.

Өнөөдөр Н.Өнөрцэцэгийн аав ээж, эгч дүү нар төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт гаргаж буйгаа хэвлэлийн бага хурал хийн мэдээллээ.

Энэ үеэр Н.Өнөрцэцэгийн эгч "Миний дүүд таван хэрэг үүсгэсэн. Хоёр нь татвартай, хоёр нь бусдын алдар хүндтэй холбоотой. Үлдсэн нэг нь төрийн нууц хадгалсан гэх. Гэтэл тэр хэрэг Н.Өнөрцэцэгт ямар ч холбоогүй юм билээ. Шалгавал тогтоогдоно. Гэтэл огт тэр хэргийн араас яваагүй мөртлөө шүүх хурлыг хаалттай, өмгөөлөгчгүй явуулсан нь хэлмэгдүүлэлт" хэмээлээ.

Харин Н.Өнөрцэцэгийн дүү "Төрийн нууцыг дамжуулсан гэх хүн нь БОАЖ-ын сайд асан, одоо УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэр хүн дээр ямар нэг хэрэг үүсгээгүй, шалгаагүй. Дэд сайд дээр нь шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж сураг сонссон. Ерөөсөө Zarig.mn сайтын менежерийн машинд байсан бичиг цаастай холбоотой. Тэр машины цонх хагарсан удаатай. Тэр материалыг Н.Өнөрцэцэг хадгалаагүй. Өгсөн хүн нь Б.Бат-Эрдэнэ. Ийм нөхцөлд хэлмэгдүүлэлт гэж үзэхээс аргагүй байна" гэлээ.