ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД 2060 АЙЛ БАЙГААГИЙН 460 НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ

GNNGNN
May 31, 2024  
 0
ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД 2060 АЙЛ БАЙГААГИЙН 460 НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ

Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх болон үерийн далан хааж барьсан барилга байгууламжийг буулгаж, даланг хүчитгэх ажлыг хийж байгаа талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. 

Улаанбаатарт 50 байршилд ус тогтдогоос 22 байршлыг засварлан шинэчилж, 12 км газарт шугам хоолой засварлах ажил явагдаж байна. Үлдсэн 25 байршлын зургийг гаргаж, ирэх жил төсвийг нь хуваарилж, шат дараатай шинэчлэх ажээ. 

Улаанбаатарын долоон дүүрэгт үерийн эрсдэлтэй бүсэд 2060 гаруй айл бий. Үүнээс 460 орчим айл зөвшөөрөлгүй. Газар зохион байгуулалтын албанаас долоон дүүргийн 15 байршилд 620 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэх боломжтой гэсэн судалгаа гаргажээ.

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдэд эрсдэлгүй бүсэд нүүх албан мэдэгдэл хүргүүлжээ. Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт ноднин үерт автсан Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн гурван хороонд ажилласан байна. Тус хороонд 600 орчим айл үерийн эрсдэлтэй бүсэд байгаагаас 100 гаруй өрх зөвшөөрөлгүй буужээ. Эдгээр айлуудад мөн нүүх мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Өнгөрсөн жил үерт өртсөн айлуудад зааж өгсөн газар нь тог цахилгаангүй, алслагдсан газар байсан. Тиймээс айлууд нүүж, буухгүй, нүүлгэн шилжүүлсэн ч буцаж нүүх тохиолдол гарчээ. Энэ жилийн хувьд суурьшлын бүсэд газар олгосон байна. Тиймээс нүүх мэдэгдэл хүргүүлсэн айлуудад тухайн зааж өгсөн эрсдэлгүй газарт нүүж, буухыг анхааруулжээ.