НАС БАРСАН ИРГЭНИЙ ЭГЧ: "БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДАА НАРЫГ АТГ-Д ӨГСНӨӨС БОЛЖ ДҮҮ МААНЬ НАС БАРЧИХЛАА"

GNNGNN
Jul 25, 2024  
 0
НАС БАРСАН ИРГЭНИЙ ЭГЧ: "БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДАА НАРЫГ АТГ-Д ӨГСНӨӨС БОЛЖ ДҮҮ МААНЬ НАС БАРЧИХЛАА"

461 дүгээр ангиас гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн 20 настай залуу нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүнд цагдаа нар үндэслэлгүй хэрэг хүлээлгэсэн бөгөөд хэрэг хүлээлгэхийн тулд хүч хэрэглэсэн талаар ар гэрийнхэн нь мэдээлээд байсан. Энэ талаар амь хохирогчийн эгч нь "Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр миний дүүг гэмт хэрэгтэн 461 дүгээр хорих ангид хоригдож байгаад үхчихсэн юм шиг яриад байгаа. Миний дүүг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан, шүүхээр эцэслэн шийдэгдээгүйг онцолж хэлмээр байна. Холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн байсан, гадуур шалгах боломжтой. Шалгагдаж байсан шүүхийн шийдвэр нь 23-нд гарах байсан. Миний дүү шүүхийн шийдвэр гарахаас нэг цагийн өмнө нас барсан. Тухайн гэмт хэрэгт өөрөө оролцоогүй. Цуг явж байсан хүн нь утас хулгайлснаас болж, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэр бүхий төлөөлөгч нар мэдүүлэг авах журмаар миний дүүг эрүүдэн тамласан. Цагдаагийн найман алба хаагч байсан. Зодсон гэдгийг нь ар гэрийнхнээсээ нуусан. Гурав, дөрөв хоногийн дараа бидэнд хэлсэн. Тухайн байцаагч нарыг АТГ-т өгөнгүүт миний дүүг нэг сарын хугацаатай Дарь-Эхэд байрлах хорих ангид саатуулсан. Энэ үеэр Баянгол дүүргээс байцаагч утсаар ярьж дарамталсан. Дараа нь 20 гаруй хоног хянагчаар нь дамжуулж дарамталсан. АТГ-ын байцаагч цагдаагийн найман алба хаагчийн зургааг нь тодруулсан, үлдсэн хоёрыг нь таниулах хэрэгтэй байна гээд манай дүүг дуудсан. Байцаалт өгөх гээд явж байхад нь АТГ-ын хашааны үүднээс манай дүүг Баянгол дүүргийн хоёр цагдаа барьж аваад, Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлээд 461 дүгээр хорих анги рүү гурван сарын хугацаатай баривчилгаанд явуулсан.

Долоодугаар сарын 11-нээс биеийн байдал нь муудаж, 461 дүгээр хорих ангийн эмч нарт хэлж эмнэлэгт хэвтсэн гээд байгаа. Энэ байдлыг 461 дүгээр ангийн зүгээс прокурор, байцаагчид нь мэдэгдсэн гэж мэдэгдэл хийсэн байна лээ. Өчигдөр эмнэлэгт ирэхэд байцаагч, прокурор юу ч мэдээгүй байсан. Бид хууль шатны бүх байгууллагад гомдолтой байна. Баянгол дүүргийн цагдаа нарыг АТГ-д өгснөөс болж өөрийгөө өмгөөлж, үг хэлэх ямар ч боломжгүй болчихлоо. Урьдчилсан байдлаар нас барсан шалтгааныг амьсгалын ачаалалтай хам шинж гэж тодорхойлсон. Долоодугаар сарын 21-нд ар гэр рүү нь 05:00 цагийн үед гуравдугаар эмнэлгээс залгаж, 461 дүгээр хорих ангиас ийм хүн ирсэн шүү гэж мэдэгдсэн. 461 дүгээр хорих ангид байсан хүн яагаад гуравдугаар эмнэлэгт очдог юм гээд очсон. Миний дүүг хорих ангид байхад нь байцаагч нар эргэлтээр очсон байсан.  Миний дүү байхгүй болчихсон байхад тэр хүмүүс ажлаа хийгээд явж байна гэсэн юм.