ЦЕГ: БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДЭЭД ЗУГТСАН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Э-Г КИРГИЗЭЭС БАРИВЧИЛСАН
Киргиз, Казахстан улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран Монгол Улсаас “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан иргэн Э-г энэ сарын 26-нд Киргиз улсаас баривчилжээ.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар мэдээлэхдээ “Бүгд Найрамдах Киргиз улс, Бүгд Найрамдах Казахстан улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран, энэ оны тавдугаар сарын 26-нд Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Э-г Киргиз улсаас баривчилсан.
Уг этгээд 2021 онд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлж, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаан, Төв Азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан бөгөөд Киргиз улсад байхад нь царай таних камерын систем буюу технологийн тусламжтайгаар илрүүлж, баривчлан цагдан хорьж байна.
Дээрх үйл явдалтай зэрэгцээд Киргиз улсад удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдан, Монгол Улсад орогнож байсан тус улсын иргэн Б-г зорчигчийн мэдээллийн урьдчилсан системээр илрүүлсэн.
Улмаар энэ оны тавдугаар 28-ны өдөр Монгол Улсаас Казахстан руу гарахаас өмнө баривчилж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон.
Энэхүү ажиллагаануудыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Киргиз, Казахстан, Турк, Серби, Швед зэрэг улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран хэрэгжүүлсэн.
Одоо хоёр улсын цагдаагийн байгууллагаас олж тогтоосон этгээдүүдийг хэрхэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна” гэж мэдээллээ.
Энэ онд цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар болон “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улсад оргон зайлсан нийт 11 гэмт этгээдийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг гүйцэтгэжээ.