ЗАЙСАНГИЙН АМАНД ЗАМ ТАВИХААС ГАДНА УЛСЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХААР БОЛОВ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд энэ онд нийт 1.9 километр авто замыг "Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-ынхан барихаар шалгарчээ.
Ажлын явцын талаар тус газрын ерөнхий инженер Б.Түвшинмөнх “Манай байгууллага Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина. Эхний байршил нь Хийморийн овооны арын замаас Ар Зайсангийн гудамж хүртэл 1.1 км үргэлжилнэ.
Харин хоёр дахь байршил нь Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд талаар үргэлжилж, Ар Зайсангийн гудамжтай холбогдох 780 метр урт авто зам байна. Тус зам ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны замын ачаалал буурч, Уулын замын нэвтрүүлэх чадвар сайжрах юм.
Авто замыг энэ оны наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна" гэв.
Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх 0.8 км авто замыг ₮2.7 тэрбум, Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх 1.1 км авто замыг ₮2.7 тэрбумаар буюу нийт 1.9 километр авто замыг нийслэлийн төсвийн ₮5.4 тэрбумаар барина.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Зайсангийн аманд нэг сургууль, нэг цэцэрлэг барих ажлыг эхлүүлэхээр болжээ. Өнгөрсөн хавар сургууль, цэцэрлэг болон авто зам барих газрын чөлөөлөлтийг хийсэн бол тавдугаар сарын 30-наас өмнө сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, энэ онд ажлыг эхлүүлж, ирэх жилээс хүүхдүүдээ хүлээн авч эхлэх гэнэ.
Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулж буй ганц сургууль нь Хүмүүн бөгөөд тус сургуульд 500 орчим хүүхэд суралцдаг ч ойр орчмын бүх хүүхдийг хамруулах боломжгүй гэв.
