ЗАСГИЙН ГАЗАР ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ, ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, НД-ЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРИНА

GNNGNN
Jun 4, 2025  
 0
ЗАСГИЙН ГАЗАР ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ, ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, НД-ЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРИНА

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.

Татварын багц хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ.

Н.Учрал: ТӨХК болгон дээр ТУЗ байгуулдгийг зогсоож, захиргааны албан тушаалыг цөөлж байна

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулалтын хууль Гэр бүлийн хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлэхээр өнөөдөр шийдвэрлэлээ. Энэ ажил бол төлөвлөгөөнийхөө дагуу үргэлжилж байна. 

Засгийн газар өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажилласан. Энэ хүрээнд уул уурхайн компаниуд "Эрдэнэс монгол" компанид, бусад компаниуд "Эрчис монгол" компанид зөвхөн менежментийн чиг үүргийг буюу бүтээмжийг сайжруулахаар ажилласан. 

Яг ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа атал төрийн өмчит компани 1500 хүнтэй, гэтэл хувийн хэвшил 200 хүнтэйгээр илүү өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа вэ гэдэг агуулгыг өөрчлөхийн тулд менежментийг өөрчлөх замаар захиргааны албан тушаалыг бууруулах, компани болгонд ТУЗ байгуулдгийг зогсоох ажлыг шат дараатайгаар хийж байна.

Жишээ нь, Зам тээврийн яам гэхэд хоёр том төмөр замын компанийг нэгтгэн ажиллуулснаар ажиллах орон тоо багассан ч гэсэн бүтээмж нэмэгдсэн

Олон улсын инженерийн сургуулийг Хүннү хотхонд байгуулна

Боловсролын сайд П.Наранбаяр: Боловсролыг дэмжих жил үргэлжлээд явна. Үүний хүрээнд багш, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. 2030 он гэхэд 88 мянган хүүхдээр ЕБС-ийн хүүхдийн тоо нэмэгдэнэ. Үүнд зориулсан 108 сургууль, 95 цэцэрлэгийг одоогоос барьж байгуулах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.

Олон улсын инженерийн сургуулийг Хүннү хотхонд байгуулна. Ингэснээр жилд 3000 гаруй инженерийг бэлдэх боломжтой болно.

Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барина

 

 

 

Сангийн сайд Б.Жавхлан: Хамтарсан Засгийн газрын ажилласан хугацаанд хэд хэдэн салбарт томоохон шинэчлэл хийхээр зорьж ажилласан. Үүний нэг нь Татварын багц хуульд өөрчлөлт оруулах, тогтолцооны шинэчлэл хийх юм. 2019 онд Татварын багц хуульд өөрчлөлт оруулснаас хойш таван жилийн дараа том өөрчлөлт оруулах гэж байна. Хуулийн төслийг өмнө нь Засгийн газрын хуралд хэд хэд танилцуулсан. Мөн УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан. Энэ удаагийн хуулийн өөрчлөлт хийхэд 13 мянган татвар төлөгчийг хамруулсан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийсэн.

-500 мянган төгрөгийн худалдан авалтыг 100 хувь, 800 мянган төгрөгийн худалдан авалтын 50, 800 мянгаас дээшхийг 20 хувиар НӨАТ-аас чөлөөлнө. Ингэснээр НӨАТ төлж байгаа иргэдийн 51 хувь нь НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. Иргэдийн 20 хувь нь 50 хувийн буцаан авалт авна. Тэгэхээр энэ бол нийт иргэдийн 70 хувь нь НӨАТ-аас 50-100 хувь чөлөөлөгдөнө.

Нэг. Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.

1.Бүх иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувиар, үүнээс 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус НӨАТ-ыг хөнгөлж буцаан олгоно.

2.Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу сарын 800 мянган төгрөг хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлж буцаан олгоно.

3.Бүх нийтээрээ тэгш шударга татвараа төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамрагдуулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

4.Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ.

5.Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хүргүүлдэг болно.

Хоёр.Бизнес эрхлэгчдэд үүсдэг хүндрэлийг арилгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжинэ.

1.Аж ахуйн нэгжийн 25 хувиар татвар төлөх босгыг 6 тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулна.

2.Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хүрээнд 1 хувиар татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 3 жил хөнгөлнө.

3.Бүх нийтээрээ жигд, тэгш шударга байх зорилгоор үйл ажиллагаа эрхлэх хувь хүн, хуулийн этгээд бүгд суутган НӨАТ суутган төлөгч болох бөгөөд жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь хялбаршуулсан горимд хамрагдаж, татвар төлөх боломжтой болно.

4.Аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх болон ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч, зардлыг төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг нээнэ.

5.Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж, хасагдах эрхийг нээнэ.

6.Аж ахуйн нэгжүүдийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжинэ.

7.Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил, үйлчилгээний НӨАТ-ыг хасалт хийх боломжийг бүрдүүлнэ.

8.Аж ахуйн нэгжийн гадаадад хийсэн бараа, ажил, үйлчилгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг зөвшөөрнө.

9.Аж ахуйн нэгжийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас үүссэн хохирлын даатгалын нөхөн төлбөрийг орлогын албан татвараас чөлөөлж, албан журмын даатгалын хураамжийг хязгаарлалтгүйгээр хасагдах зардалд тооцохыг зөвшөөрнө.

10.Гадаад улсаас Монгол Улсад оршин суугч этгээдэд цахимаар үзүүлж буй үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж, тэдгээрийг суутган төлөгчөөр бүртгүүлнэ.

Гурав.Татвар төлөгчид татвар, гаалийн байгууллага зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, татвар төлөгчийг дэмжинэ.

1.Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын бүтцийн шинэчлэл хийж, татвар төлөгчдөд хууль тогтоомжийн талаарх мэдээллийг илүү хүртээмжтэйгээр хүргэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гарын авлага, заавар, зөвлөмжийг боловсруулан хүргүүлж, танхимын болон цахим сургалтад тогтмол хамруулна.

2.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар татвар төлөгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор хиймэл оюун ухаан болон их өгөгдөлд суурилсан, 24 цагийн турш тасралтгүй ажиллах автомат хариулагчийг ажиллуулна.

3.Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлж, түвшин буурах нөхцөл бүрдсэн, татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломжийг олгож, хууль даган мөрдөлтийн түвшин сайн албан татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хойшлуулна.

4.Сүүлийн хоёр татварын жилд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварын өр төлөх хугацааг татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн гурван сар хүртэлх хугацаагаар сунгах, өр төлөх хуваарийг харьяалах татварын албатай урьдчилан тохирно.

5.Татвар төлөгч хяналт шалгалтаар тодорхойлогдсон татварын өрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тохиолдолд түүний гаргасан хүсэлтэд үндэслэн татварын өрийг 12 хүртэл сарын хугацаанд татварын албатай урьдчилан тохирсон хуваарийн дагуу төлж болно.

6.Гаалийн болон татварын албаны үйл ажиллагааг уялдуулж, хяналт, шалгалтын давхардлыг арилгах замаар татвар төлөгчдийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ.