БАЙР СУУРЬ: ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТАЛААР ХЭН, ХЭН ЮУГ ӨГҮҮЛЭВ
Монгол улсын төсөв 2 их наядаар тасарсан нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон. Тус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх юм.
"БАЙР СУУРЬ" булангаар энэ удаад төсвийн тодотголын талаар хэн, хэн юу өгүүлж буйг онцлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат: Төсвийн тодотгол намрын чуулганаар бус, хаврын чуулганаар орж ирэх байсан юм. Би тухайн үед нь хэлээд бараагүй. Өнгөрсөн 2025 оны сүүлчээр төсөв мөнгөгүй болж, тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар 1.2 их наяд төгрөгийг татвар төлөгчдөөс түрүүлээд авчихсан. Энэ асуудал дээр аудитын байгууллага дүгнэлтээ гаргасан. Үүнд хариулт хэлээд өгөөч. Мөн нэг бичлэг үзүүлье. 988 тэрбум төгрөгийн асуудал байна.
Ерөнхий сайд Н.Учрал: Г.Очирбат гишүүн үндэслэлтэй зүйл хөндөж байна. Төрийн ажлын залгамж чанар гэж байх ёстой. Гэхдээ алдааг нь засаад урагшлах ёстой гэж бодож байна. Тийм учраас асуудлыг сууриар нь шийдэх ёстой гэсэн үзэл баримтлалтай хүн. Ардчилсан намын гишүүдийн шаардлага бол асар зөв.
УИХ-ын гишүүн Г.Очирбат: Ерөнхий сайд Н.Учрал уянгалаг, гэгээн сайхан зүйл ярьж байна. Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг төсөв рүү татаж авчхаад захиран зарцуулна гэдэг бол буруу. Та үнэхээр шударга шийдэх гэж байгаа бол төрийн өмчит, ашигтай ажиллаж байгаа компаниудын хувьцааг иргэдэд бүтнээр нь өг. Төр ногдол ашиг авч яах юм бэ. Тэгж байж иргэдийнхээ бодит орлогыг дэмжих гэж байна. Ийм систем рүүгээ явъя л даа.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Сайдууд цалингаа тавих зардалтай үлдсэн гэж байгаа ч бодит байдал дээр ондоо байна. Зарим сайдын урсгал зардал хяналтаас алдагдсан. Шадар сайд Х.Доржханд сая долоодугаар сард цахилгаан эрчим хүч экспортлох стратегийг 790 сая төгрөгөөр боловсруулах тендер зарласан. Би үүнийг маш их шүүмжилсэн.Эрчим хүчний салбарын бодлого, стратеги боловсруулах үүрэгтэй Стратеги, бодлогын хэлтэс яаманд байдаг. Гэтэл энэ хэлтсийн хийх ёстой ажилд татвар төлөгчдийн мөнгөөр тендер зарлаж байна. Хоёрдугаарт, Шадар сайд нь доороо яамтайгаа давхцуулан эрчим хүчний экспортын хэлтэс байгуулчихсан. Маш өндөр зардалтай хэлтэс байгуулсан байна. Төрийн байгууллага тендерт нь шалгарсан гээд хээв нэг хариулаад сууж байна. Та бүхэн бод доо. Энэ бол зууны онигоо болж байгаа биз дээ. Төсвөө хэмнэе л дээ. Тендерт орж, халтуур хийдэг төрийн байгууллагуудыг татан буулгаж, төсвөө хэмнэе.
Ерөнхий сайд Н.Учрал: Сайдууд дээр нэмэлт зардал байхгүй. Цалингаа тавиад л энэ оноо дуусгана. Илүү зардал байхгүй.
Сангийн сайд З.Мэндсайхан: Эрчим хүчний салбар дээр хоёр бодлого барьж байгаа. Хэрэглэгчийн талд дулаан, цахилгааны үнэ тарифыг 2026-2027 онд шилжих хугацаанд нэмэхгүй. Ингэхийн тулд Засгийн газар зардлаа танаж, эрчим хүчний салбарт татаас хэлбэрээр олгоно. Нийтдээ 107.3 тэрбум төгрөгийн татаас өгөхгүй бол үнэ тарифыг нэмэх, улмаар энэ нь иргэдэд үнийн өсөлт болж очих эрсдэлтэй. Өнгөрсөн жил дулаан, цахилгааны хязгаарлалтыг 17 удаа хийсэн.Ирэх өвөл хязгаарлалт хийхгүй байхын тулд шаардлагатай засвар, шинэчлэлийг хийхээр 97.2 тэрбум төгрөг, үүн дээр нийт 200 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 1.5 их наядын буурах орлогыг төрийн өмчит компаниудын ногдол ашгаар 100 хувь санхүүжүүлэх юм байна. Зардлынхаа дунд хөрвүүлэлт хийгээд, урд оны үлдэгдлээс санхүүжүүлэх замаар том зургаар нь харвал төсвийн тодотголыг оруулж ирсэн байна.Түүхийг нь авч үзвэл 2025 оны улсын төсөв дэх ногдол ашгаас 2.7 дахин, сүүлийн зургаан жилд ТӨК-иудын оруулж ирсэн ногдол ашгаас 4.1 дахин их тоо байна. Ногдол ашгийг улсын төсөвт оруулаад, шаардлагатай санхүүжилтийг хийж зарчмыг анхааралтай дэмжиж байна. Ногдол ашиг гэдэг тухайн жилд цэвэр ашигтай ажилласан тохиолдолд орж ирдэг нөхцөлтэй орлого. Манайх шиг уул уурхайгаас хэт хамааралтай улсад цэвэр ашигггүй байх тохиолдол гарна. Энэ эрсдэлийн менежментийг хийж явахгүй бол аюултай. Тэгэхээр төсөв ярихдаа 1.5 их наяд орлого төвлөрүүлэх үүрэг хүлээж буй "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал чуулганд сууж, хариулт өгөх хэрэгтэй.
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ТӨК-ийн цэвэр ашгаас ногдол ашиг авах эрхтэй шүү дээ. Ногдол ашгаас авна, үйл ажиллагаанаас нь авахгүй. Ашигтай ажилласны дараах цэвэр ашгаас авна. Миний оронд өөр санаатай хүн байсан бол 1.5 их наядаар янз бүрийн төсөл хэрэгжүүлье гэж “пантаазлаад” баахан хувийн хэвшлийнхнийг урьж, бизнес рүү оруулж завхруулаад явах л байх. Надад тийм сонирхол алга, ард түмэндээ л хүртээе гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Ногдол ашиг ярихаар ямар компани ямар ашигтай ажиллаж байгааг яг үнэндээ УИХ-ын гишүүд мэдэхгүй байгаа. Тиймээс би Стратегийн ач холбогдолтой ордуудын ил тод байдлын тайлагналын тухай хуулийн төсөл санаачлан, энэ намрын чуулганаар өргөн барина. Эрдэнэт үйлдвэр Монголыг 40 жил тэжээсэн. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нэг ч удаа чуулган, байнгын хороонд ирж тайлан тавьж байгаагүй. Нэг талаас ашигт ажиллагааг төсөвтэй уяж байгаа нь нэг талаас сайн хэрэг. Жилд нэг удаа УИХ-д тайлангаа тавьж, ард түмний өмчийг хэрхэн захиран зарцуулснаа танилцуулдаг болох хэрэгтэй.
Ерөнхий сайд Н.Учрал: Байгалийн нөөцийн ил тод байдлын тухай хуулийн төслийг Б.Уянга гишүүн санаачилсан. Засгийн газар дэмжиж саналаа өгсөн. Та хуулийн төслөө нэгтгээд ажиллавал цаг хугацаа товчлох байх гэж бодож байна.
Нэг зарчим байх ёстой. Улстөрчид төрийн өмчит компаниудын засаглалд орохгүй шүү. Ногдол ашгаа төвлөрүүл гэдэг үүрэг өгөхөөс биш, үйл ажиллагаанд орохгүй.
2027 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн өмчит компаниудын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна. Улстөрчид гар хөлөө дүрэхгүй. Тийм учир олон улсын хөрөнгө оруулалтын менежмент, санхүүгийн үйлчилгээний Franklin Templeton, Black rock-д засаглалыг нь өгнө. Улстөрчид төрийн өмчит компаниудаас гар савраа татах хэрэгтэй. Энэ тал дээр О.Батнайрамдал гишүүнтэй хамтарч ажиллая.
