ЗАРИМ ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНГ 5-15 СМ ДАВАН ҮЕРЛЭЖ БАЙНА

GNNGNN
Aug 21, 2026  
 0
ЗАРИМ ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНГ 5-15 СМ ДАВАН ҮЕРЛЭЖ БАЙНА

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өчигдөр буюу наймдугаар сарын 20-ны байдлаар зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 сантиметрээр нэмэгджээ.

Тухайлбал, Хэнтий нурууны арын зүүн хажуугаас усжих Балж гол (Дадал сум), Эг гол (Батширээт сум), баруун хажуугаас усжих Туул гол (Улаанбаатар хот орчимд), Хараа гол (Баруунхараа сум), мөн Хангай нуруунаас усжих Богд гол (Улиастай сум), Буянт гол (Отгон сум), Идэр (Идэр сум) зэрэг голуудын усны түвшин нэмэгдсэн байна.

Түүнчлэн Туул гол, Балж гол,  Байдраг гол, Хархираа гол үерийн түвшинг 5-15 сантиметрээр даван үерлэж байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав газарт аялж, амарч, зугаалж буй иргэдийг үерийн аюулаас сэрэмжилж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Мөн үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр, жалгаар зорчихгүй байх, тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар явахыг анхаарууллаа.

Хүүхдийг гол, нуур болон үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх, үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах шаардлагатай.

Иргэдийг цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүр хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Эх сурвалж: ОБЕГ