“СОР 17” ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (СОР17) наймдугаар сарын 17-28-ны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
COP17-ын Ногоон бүс өчигдөр (2026.08.20) “Бизнесийн өдөр” хөтөлбөрийн хүрээнд үйл ажилгаагаа зохион байгуулжээ. Энэ үеэр ногоон бизнес, тогтвортой санхүүжилт, ESG, инновац, бэлчээрийн нөхөн сэргээлт, уур амьсгалд тэсвэртэй бизнесийн загвар, ногоон бонд зэрэг газрын доройтлыг бууруулах бодит шийдлүүдийг хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи болон орон нутгийн оролцоотой хэрхэн холбох асуудалд төвлөрчээ.
"ESG" нь байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуурыг хөрөнгө оруулалт болон бизнесийн шийдвэртэй уялдуулах хандлага юм.
COP 17-ын урьдчилсан хөтөлбөр:
- Санхүү (8 дугаар сарын 24): Сангийн сайдууд, хөгжлийн банкууд, хувийн хэвшлийнхэн газрын нөхөн сэргээлтэд шаардлагатай хөрөнгө оруулалтын зөрүүг арилгах, томоохон хөрөнгө оруулалт татах талаар хэлэлцэнэ.
- Ус (8 дугаар сарын 25): Ган гачгийн эрсдэлийн менежментийг сайжруулах, усны нөөцийн нэгдсэн менежментийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэнэ.
- Газар ба хүмүүс (8 дугаар сарын 26): Орон нутгийн иргэд, малчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг хүргэнэ.
- Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд (8 дугаар сарын 27): Хөрсний нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бүтээмж, тариаланчдын амьжиргааг хэлэлцэнэ.
