УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН: ЭМИЙГ ӨНДӨР ҮНЭЭР НУГАЛЖ ЗАРДАГ, ТЕНДЕР НИЙЛЖ ХУЛГАЙЛДАГ АСУУДЛЫГ ШАЛГАХ ГЭХЭЭР ШААРДЛАГАТАЙ БАРИМТ НЬ ЭМЯ-НЫ АРХИВД АЛГА
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн зарим төрийн байгууллага, албан тушаалтнууд УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулж буй талаар мэдээлэв.
Зарим төрийн байгууллагын албан тушаалтнууд эмийн үнэтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, үнийн зөрүүтэй мэдээлэл өгөх зэргээр түр хорооны үйл ажиллагаанд хүндрэл учруулах болжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт “Зайлшгүй шаардлагатай эм”-ийн 8, 9, 10 дугаар жагсаалт, хүүхдийн эмтэй холбоотой 1, 2, 3 дугаар жагсаалтын нотлох баримтыг гаргуулахаар гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч дээрх жагсаалтууд ЭМЯ-ны архивд байгаагүй аж. Улмаар ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн н.Энхжаргал гэдэг хүнээс ав гэдэг хариуг иржээ. Гэвч энэ байгууллага нь одоог хүртэл дээрх жагсаалтуудыг гаргаж өгөөгүй байна.
Зайлшгүй шаардлагатай эм буюу Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг батлахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан уу, Иргэдэд хөнгөлөлттэй эм олгоход зориулж Улсын төсөвт тусгасан 140 тэрбум төгрөгийн зарцуулалтад хяналт хийх гэхээр нотлох баримтууд олдохгүй, холбогдох баримтыг түр хороонд ирүүлэхгүй байгаа ажээ. Түүнчлэн ГССҮТ, ЦССҮТ, “Өргөө” амаржих газар, Дөрөвдүгээр амаржих газар эмийн худалдан авалтын судалгаа, холбогдох нотлох баримтыг түр хороонд ирүүлээгүй байна. Эмийн тендерийг шалгах боломж олгохгүй байх сонирхол албан тушаалтнуудад байна гэж Ж.Чинбүрэн мэдээллийнхээ үеэр онцолж байв.
Аудитын байгууллага болон Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улсын эмийн салбарт монопол тогтсон болох нь тодорхой болсон. Импортоор орж ирж буй эмийн мэдээлэл ил тод бус, эмийн үйлчлэх чанар муу байгааг түр хорооноос онцлов. Гаалийн байгууллага, эмийн агентлаг, ЭМЯ-ны мэдээллүүд хоорондоо зөрүүтэй байгаа нь хянан шалгах ажилд хүндрэл үүсгэх болжээ. Иймд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хороонд эмийн үнэ, худалдан авалттай холбоотой нотлох баримтыг ирүүлэхдээ үнийн дүн зөрүүтэй, дутуу материал ирүүлж ажилд саад учруулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах арга хэмжээг авна гэв.