ТАНИЛЦ: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАТАЙ ХУУЛЬ

GNNGNN
May 6, 2024  
 0
ТАНИЛЦ: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАТАЙ ХУУЛЬ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Энэ хуулийн зорилго нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад оршино.

Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг нэмж тусгалаа.Үүнд:

1) Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийг үл хайхарсны улмаас хүүхэд бие махбод, сэтгэл санаа, бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн улмаас хохирсон, нас барсан хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 68 хувийг хүүхэд эзэлж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүргэх, эцэг, эх хүүхдээ үл хайхрахыг хориглосон заалтыг тусгасан.

2) Эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэхээр болов.

3) Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн дэргэдэх шашны сургуульд суралцаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгасан. Хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, зөвлөгөө өгөх, хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах, хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид даруй мэдэгдэхийг боловсролын сургалтын байгууллагын холбогдох ажилтанд үүрэг болголоо.

Боловсролын сургалтын байгууллага үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн болон хохирогч хүүхэдтэй хэрхэн харилцах, сургуулийн удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэлбэрийг өөрчилсөн. Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт хийж, түүнд зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах зохицуулалтыг тусгасан.

Мөн боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвд суралцаж байгаа хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын нөхцөл байдлын тандалт судалгааг гурван жил тутам боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага хийх зохицуулалтыг оруулсан болно.