ШУУДАН, ЛОГИСТИКИЙН ДЭД ТӨВИЙГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БАЙГУУЛНА
ЦХИХХЯ Говь-Алтай аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутаг дахь цахим шилжилтийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Монгол Шуудан” ХК-ийн Баруун бүсийн шуудан, логистикийн дэд төвийг Говь-Алтай аймагт байгуулах ажлыг хэлэлцсэн байна. Хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн зүгээс дэд төвийн байршилд шаардлагатай газар, инженерийн дэд бүтцийн асуудлыг 2027 онд багтаан шийдвэрлэхээр тохиролцжээ.
Тус төв нь Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг долоон аймгийн шуудан, тээвэр, логистикийн урсгалыг Улаанбаатар хоттой холбож баруун бүсийн зангилаа болох аж. Ашиглалтад орсноор 11 мянга гаруй аж ахуйн нэгж, 650 мянга орчим иргэнд хүрэх үйлчилгээг илүү шуурхай, үр ашигтай, зардал багатай зохион байгуулах боломж бүрдэнэ.
Ингэснээр баруун бүсийн шуудан, тээвэр, логистикийн сүлжээний уялдаа сайжирч, илгээмж, бараа бүтээгдэхүүний хүргэлтийн хугацаа богиносож, үйлчилгээний хүртээмж болон бүс нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдэх юм.
