ШУДАРГА, ЁС ЗҮЙТЭЙ ӨРСӨЛДӨХИЙГ ХЭҮК-ООС ЗӨВЛӨЛӨӨ
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос таван зүйл бүхий зөвлөмж гаргажээ.
Сонгуулийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд сонгогчдын бүртгэл тойрсон зөрчил, маргааныг шуурхай арилгах, ажиглагчдыг ялгаварлахгүй байх, санал хураах төхөөрөмжийн ажиллах горим, санал хураалтын үнэн зөв байдлыг хянах механизмын талаарх мэдээлэл, сурталчилгааг өргөн хүрээтэй явуулахыг тэд зөвлөжээ.
Мөн сонгуулийн оролцоог хангах, сонгогчдыг ялгаварлахгүй байх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын санал өгөх боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн байна. Үндэсний эв нэгдлийг бусниулах, хүчирхийлэлд уриалж, бусдын нэр төрийг гутаах зорилгоор худал мэдээлэл түгээхээс өөрөөр нам, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг мөрдөж мөшгин, сүрдүүлж, дарамтлахгүй байж, Үндсэн хуулиар олгосон эрхийг нь хамгаалах ёстойг сануулсан юм.
Түүнчлэн бусдын нэр төрд халдах, гутаах, хүчирхийлэлд уриалахгүйгээр шударга, хүнлэг, ёс зүйтэй өрсөлдөхийг нам, эвсэл, нэр дэвшигчдэд уриаллаа. Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоо, бүсчилсэн тойргийн хуваарилалтаар зохион байгуулж буй.
Мөн нийгмийн сүлжээ, цахим технологи, хиймэл оюун ухааныг сонгуулийн сурталчилгаа, зохион байгуулалтад түгээмэл ашиглаж байгаагаараа онцлог. Тиймээс иргэдийг мэдээлэлд маш хянуур хандаж, үнэн худлыг нь нягталж байхыг ХЭҮК-ынхон зөвлөсөн юм.
Сонгуулийн үеэр элдэв гомдол, зөрчил маргаан гарсан нөхцөлд холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, баримтад үндэслэн шийдвэрлэх ёстойг ч сануулжээ.