ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 566 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА

GNNGNN
Aug 28, 2026  
Aug 28, 2026 - 08:06
 0
ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 566 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА

Энэ оны эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 566 сая ам.долларын ашигтай гарлаа. Төлбөрийн тэнцлийг дараах дансны үлдэгдлээр тооцдог.

Урсгал данс 179 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор сайжрав. Үүнд барааны худалдааны ашиг голлон нөлөөлжээ. 

Барааны дансны ашиг 4.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнд зэсийн баяжмал, чулуун нүүрсний экспортын өсөлт голлон нөлөөлж, дээрх хоёр бүтээгдэхүүний экспортын орлого нийт 3.7 тэрбум ам.доллароор өссөн. 

Үйлчилгээний дансны алдагдал 428 сая ам.доллароор, анхдагч орлогын дансны алдагдал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь урсгал дансанд сөргөөр нөлөөлсөн байна.

Санхүүгийн данс 613 сая ам.долларын цэвэр орох урсгалтай гарсан ч өмнөх оны мөн үеэс 644 сая ам.доллароор буурчээ. Үүнд "Оюу Толгой" компани гадаад өр төлбөртөө 2 тэрбум ам.доллар төлсөн нь голлон нөлөөлсөн. Энэ нь нөгөө талаас Монгол Улсын гадаад өрийг бууруулах эерэг үр дүнтэй.

Гадаад валютын улсын нөөц 2025 оны эцсийн 7.0 тэрбум ам.доллароос энэ оны зургаадугаар сарын эцэст 7.7 тэрбум ам.долларт хүрч, импортын 4.8 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрлээ. Экспортын өсөлт, барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэн нь гадаад төлбөрийн байр суурийг сайжруулав гэж Монголбанк мэдээлэв.