СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЦАХИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ ОРЧИМД УС ТОГТСОН БОЛ ОЙРТОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

GNNGNN
Jun 21, 2024  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЦАХИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ ОРЧИМД УС ТОГТСОН БОЛ ОЙРТОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Өнөөдөр буюу зургаадугаар 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүснэ.

Усархаг болон аадар борооны үед цахилгаанаас үүдэлтэй эрсдэлээс сэргийлэхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан анхаарууллаа. Үүнд “Цахилгаан тасалдсан үед мэргэжлийн хүмүүс гэмтлийг засаж, хэрэглээг хэвийн болготол хүлээцтэй хандах хэрэгтэй. Цахилгааны дэд станц, тоолуурын нэгдсэн хайрцаг, бусад байгууламж үерт автсан, ойролцоох хэсэгт ус тогтсон байвал 7004 7004 дугаарын утсаар дуудлага өгч, засуулах боломжтой. Мөн цахилгааны шит, самбарыг ус нэвтрэх боломжгүй буюу 1.5 метрээс багагүй өндөрт байршуулахыг зөвлөе. Ил задгай цахилгааны утас, кабель байгаа, эсэхийг нягталж, засварлах шаардлагатай тохиолдолд цахилгаанчдад хандах ёстой” гэсэн байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт авто замын 200 метр орчим хэсгийн хөвөө нуржээ. Уг хэсэг нь Дархан-Уулаас Орхон аймгийн чиглэлийн авто зам юм. Энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хүчтэй аадар орсны улмаас үер бууж, ийм нөхцөл байдал үүссэн байна. Зорчих хэсгийн саатлыг арилгахаар “Дархан-АЗЗА” ТӨХК шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. 

Ойрын өдрүүдэд бороо их орж байгаагаас зарим голын усны түвшин үерийн аюултайд тооцогдоод буйг Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр мэдээлэв. Ховд аймгийн нутаг дахь Буянт гол үерийн аюултай түвшинд хүрсэн бол Булган гол ч үерлэсэн байна. Мөн өнөөдөр Төв болон зүүн бүсэд, 22-нд нутгийн зүүн хагаст усархаг, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох аж. Хэнтийн уулсаар маргааш нойтон цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.