ЯНДАНГАА ЯГ БУУЛГАЖ, БАЙРАНД ОРОХ ӨРХҮҮДИЙГ “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА
Засгийн газар 2027-2030 онд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, 50 мянган янданг бодитоор буулгах зорилт тавьжээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийг эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Монгол Улс 1 сая 5000 өрхтэй. Үүний 350 мянга нь орон сууцанд, 250 мянга нь малчин, 410 мянган өрх орон сууцгүй буюу уламжлалт сууцанд амьдардаг. Энэ 410 мянган өрхөөс 270 мянга нь банкны шалгуураар орон сууц худалдан авах боломжтой. Үүнээс 147 мянган өрх нь бага дунд орлоготой, 123 мянга нь дунд, дундаас дээш орлоготой гэсэн судалгааг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан /2026.11.03/ сэтгүүлчдэд танилцуулав.
2025 оны байдлаар Улаанбаатар хотод 263 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Орон сууцжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2009 онд Улаанбаатар хотын гэр хороололд 169 мянган өрх амьдарч байсан бол 2025 онд 162 мянган өрх амьдарч байна. Гэр хорооллын яндангийн тоо 16 жилд 5000-аар буурснаас харахад үе үеийн Засгийн газруудын хэрэгжүүлсэн орон сууцжуулах хөтөлбөрүүд “байгаа оноогүй” гэж дүгнэхэд хүргэж байна.
Харин энэ удаагийн 100 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд яндангийн тоог 50 мянгаар бууруулах зорилт тавьж, залуу гэр бүл, төрийн болон төрийн үйлчилгээний ажилтан, олон хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, гамшгийн улмаас орон гэргүй болсон өрх зэрэг зорилтот бүлэгт чиглүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Орон сууцны зээл хүссэн иргэдийн мэдээллийг хэн нэг албан тушаалтан буюу хүн хянаж, шийдвэрлэхгүй. Иргэд хүсэлтээ цахимаар гаргаж, иргэний мэдээлэлд үндэслэн цахим тооцоолуур ажиллаж, оноогоор үнэлнэ. Хамгийн өндөр оноо авсан иргэн хөнгөлөлттэй зээлд түрүүлж хамрагдаж, ил тод, шударга зарчмаар ажиллана гэв.
Орон сууцны зээл нь нийт 20 жилийн хугацаатай байх ба зээл авсан эхний гурван жилд 6 хувийн хүүтэй, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй болно. Энэ хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар 2027 оны улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт босгож, зээлийн эх үүсвэр бий болгохоор төлөвлөөд байна.
Ипотекийн зээлийн хүү нь дөрөв дэх жилээс 12 хувь болон өсөх нь зээлдэгч иргэдийн төсөвт дарамт болохоор байна. Тэгэхээр хүүг жил жилд үе шаттайгаар нэмэгдүүлэх боломж байна уу? гэсэн сэтгүүлчийн асуултад,
“Зээлийн эх үүсвэр нь өөрийн өртөгтэй. Орон сууцны ипотекийн зээлийн дэлхийн дундаж хүү 11 хувьтай байгаа энэ үед энэ нь боломжит өртөгтэй зээл гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тайлбарлав.
100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд,
- 60 мянган айлын орон сууцыг хувийн компаниуд
- 40 мянган айлын орон сууц нь төрөөс газар, дэд бүтцийн хөгжүүлэлт хөгжүүлэлт хийж орон сууцны өртгийг тодорхой хэмжээгээр бууруулсан төслүүдийн хүрээнд баригдсан хорооллуудаас иргэдэд санал болгох юм.
Тухайлбал,
- БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Ногоон нуур-1008” айлын орон сууц,
- БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Солонго-1, 2” хорооллын 5002 айлын орон сууц,
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Сэлбэ-Ухаалаг хот” төсөл болон Баянхошуу, Шархадад баригдаж буй орон сууцуудыг иргэдэд санал болгоно.
2027 оны улсын төсөвт эхний ээлжинд 16 мянган өрхийг төсөлд хамруулж, хөнгөлөлттэй зээл олгох ба үүний 14 мянгыг гэр хорооллоос орон сууцанд орж буй өрхөд, 2000-ыг нь хашаандаа сайхан амьдрах сонирхолтой буюу сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан дулаанаа шийдэж, яндангаа буулгах айлуудыг хамруулахаар төлөвлөжээ.
“СОЛОНГО1, 2” ХОРООЛЛЫН ОРОН СУУЦНЫ АМ.МЕТР ТАЛБАЙН ҮНИЙГ 3.9 САЯ ТӨГРӨГ БОЛГОН БУУРУУЛЖЭЭ
“Солонго1, 2” хорооллын 5002 айлын орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг оруулна. Орон сууцны ам.метр талбайн үнийг анх 4.4 сая төгрөг байхаар тогтсон бол иргэдийн санал хүсэлтэд үндэслэн дахин тооцоолол хийж, үнийг 3.9 сая төгрөг болгон бууруулжээ.
Зорилтот бүлгийнхнийг хамруулах энэ орон сууцны үнэ өндөр байна гэх санал, гомдлын хариуд сайд Э.Бат-Амгалан, Энэ орон сууцны хорооллыг зээл олгосон талын хүсэлтийн дагуу Солонгосын барилгачид барьсан. Ажилчдын цалин хөлс, барилгын материалын өртөг, зардлуудыг тооцож гаргасан үнэ нь 4.4 сая төгрөг байсан бол газар чөлөөлөлт болон зарим зардлуудыг хасаж, 3.9 сая төгрөг болгоод байна гэв.
"Солонго1, 2" хорооллын 2042 айлын орон сууцыг 2027 ондоо ашиглалтад оруулна. Энэхүү 5002 айлын орон сууцны:
- 50 хувийг газраа орон сууцаар сольсон өрхүүдэд
- 30 хувийг түрээслээд өмчлөх буюу урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадаагүй өрхүүдийг хамруулна. Өөрөөр хэлбэл, сарын 700 мянган төгрөгийн түрээсийн төлбөр дээр ипотекийн зээлийн төлбөр 800 мянган төгрөгийг төлснөөр 20 жилийн дараа өнөөдрийн зах зээлийн ханшаар байраа өөрийн нэр дээс авна гэсэн үг. Тэгэхээр нэг өрх сард 1.5 сая төгрөгийг түрээс болон ипотекийн зээлийн төлбөр болгон төлөх юм.
- 10 хувь буюу 500 айлд зах зээлийн ханшаас хамгийн бага үнэ буюу сарын 700 мянган төгрөгөөр түрээслүүлнэ.
- 10 хувийг хамтын өмчлөлөөр эзэмшүүлнэ.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН 74 ХУВЬ НЬ БАНКНЫ ЭХ ҮҮСВЭРТЭЙ ДУНДЖААР 18.6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ БАЙНА
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зэрэгцээ одоо хэрэгжиж буй 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ. 2026 оны 9-р сарын байдлаар Монголбанкинд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авахыг хүссэн 55 мянган иргэний хүсэлт шийдвэрлэгдээгүй байна. 6-7-хон сарын өмнө энэ хүсэлт 47 мянга байсан бол богино хугацаанд ингэж нэмэгдсэний цаана нэг иргэн хэд хэдэн банкинд зэрэг хүсэлт гаргасан давхардлууд байна. Тиймээс давхардлыг арилгаж, зээл хүссэн иргэдийн мэдээллийг цахимд ил тод болгохоор ажиллаж байна гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өчигдөр мэдээлсэн.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Зээл хүссэн иргэдийн мэдээллийг ил тод болгож, жагсаалтын хэддүгээрт байгаагаа харах боломжтой портал хөгжүүлж байна. Тун удахгүй, хоёр сарын дотор ашиглалтад орно.
2026 оны эхний есөн сарын байдлаар 6 хувийн хүүтэй 765 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Харин арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр жилд дунджаар 18.6 хувийн хүүтэй 1.9 их наяд төгрөгийн зээл олгоод буй бөгөөд энэ нь нийт ипотекийн зээлийн 74 хувийг эзэлж байна.
Ипотекийн зээл бүтэц өөрчлөгдсөн нь эндээс харагдах бөгөөд иргэд 500-600 сая төгрөгийн үнэтэй орон сууцууд авч байна. Арилжааны банкны тавьдаг өр, орлогын харьцаанд нийцүүлэн том талбайтай орон сууцны зээлийг хүссэн хэмжээгээрээ авдаг болсон байна гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээлэв.
