ТУУЛ ГОЛЫН УС 20 СМ НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Зургаадугаар сарын 21-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Улиастай, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн голын эх, Хангай нурууны арын Идэр, Хануй, Орхон, өврийн Чигэстэй, Завхан, Буянт, Алтай нурууны Буянт, Ховд, Бодонч, Согоог зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, Сөгнөгөр, Сэлбэ, Хөгшин Орхон, Булган, Хариг зэрэг голууд үерийн түвшинд, Буянт, Ховд гол үерийн аюултай түвшинд хүрсэн байдалтэй байна.
Маргааш Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд 10 см нэмэгдэх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурьдсан голууд болон гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн түүнчлэн голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.