О.АЛТАНГЭРЭЛ: ХОРИГДОЖ БАЙХДАА НАС БАРСАН ИРГЭНИЙ ХЭРЭГТ ХУУЛИЙН ЗӨРЧИЛ ТОГТООГДВОЛ БУРУУТАЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
461 дүгээр ангиас гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн 20 настай залуу нас барсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Түүнд цагдаа нар үндэслэлгүй хэрэг хүлээлгэсэн бөгөөд хэрэг хүлээлгэхийн тулд хүч хэрэглэсэн талаар ар гэрийнхэн нь мэдээлээд буй.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах байгууллагаас тодруулахад "Цагдан хориотой байсан эргэн эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн иргэн өнгөрөгч дөрөвдүгээр сард цагдан хоригдсон. Долоодугаар сарын дунд үеэс бие нь муудаж, 461 дүгээр хорих эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Улмаар гуравдугаар эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт хүргэгдэхдээ ил харагдах шархгүй байсан. Цагдаа нар үндэслэлгүй хэрэг хүлээлгэж, зодсоны улмаас амиа алдсан гэх мэдээлэл үндэслэлгүй. Хэрэг хүлээлгэж, үндэслэлгүй хорих боломжгүй. Шүүх, прокурор хорих шийдвэр гаргадаг. Тухайн иргэн хоригдохоороо өмнө буюу өнгөрөгч нэгдүгээр сард АТГ-т нэг удаа цагдаагийн алба хаагчид эрхэнд нь халдлаа гэх агуулгатай өргөдөл гаргаж байсан. Тухайн үедээ хэрэгт холбогдон шалгагдаж байсан" гэсэн юм.
Талийгаачид УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр өөрийн цахим хуудастаа "Цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-н гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Прокурор зөвшөөрөл өгмөгц болсон явдлын талаар цагдаагийн байгууллага удахгүй мэдээлэл хийнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үйл явдал болсон цагаас эхлэн анхаарал хандуулж байсан бөгөөд, талийгчийн ар гэртэй биечлэн холбогдож ярилцсан болно. Чиглэл тус бүрээр хийгдэж байгаа албаны шалгалтын үр дүн гарч, хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэжээ.