ОХУ-Д АИ-92-ЫН ҮНЭ 20 ХУВЬ, АИ-95-ЫН ҮНЭ 38.2 ХУВИАР ТУС ТУС ӨСЧЭЭ

GNNGNN
Jul 25, 2024  
 0
ОХУ-Д АИ-92-ЫН ҮНЭ 20 ХУВЬ, АИ-95-ЫН ҮНЭ 38.2 ХУВИАР ТУС ТУС ӨСЧЭЭ

Санкт-Петербургийн олон улсын бараа, түүхий эдийн бирж (SPIMEX) дээр өнгөрсөн Мягмар гарагт АИ-95 бензиний үнэ тонн тутамдаа 0.78 хувиар өсч, 74,997 рубльд хүрснийг арилжааны мэдээлэл харуулав.

Өнгөрсөн долоо хоногт АИ-95 бензиний биржийн үнэ 6.1 хувиар өсч, Баасан гаргийн арилжаа хаагдах үед 74 мянган рубль давсан бол Даваа гарагт дахин 0.14 хувиар өссөн байна.

Мягмар гарагт АИ-95 бензиний үнэ 2023 оны есдүгээр сарын 7-нд тонн тутам нь 76,876 рубль хүрч байсан түүхэн дээд амжилтад хүрчээ.

ОХУ-ын Европын хэсгийн нутаг дэвсгэрийн индексийн дагуу АИ-92 бензиний үнэ мөн эргэн өсч, арилжааны төгсгөлд 0.51 хувь болж, Мягмар гаргийн арилжаа нэг тонн нь 56,925 рубль болж хаагджээ.

ОХУ-д зуны эхэн үеэс шатахууны үнэ нэмэгдсээр байгаа аж. Өнгөрсөн зургаадугаар сарын эхний арилжаанаас долдугаар сарын 23-ныг хүртэл АИ-92-ын үнэ 20 хувь, АИ-95-ын үнэ 38.2 хувиар өссөн байна.

Мягмар гаргийн арилжаа хаагдахад, зуны дизель түлшний үнэ 0.72 хувиар буурч, нэг тонн нь 62,012 рубль болжээ. Шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хийн үнэ (LPG) 1.69 хувиар өсч, тонн тутамд 32,725 рубль болсон байна. Шатахууны үнэ мөн 0.54 хувиар өсч, 32,692 рубль болжээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас долдугаар сарын эхээр “РИА Новости” агентлагт “Үйлдвэрт төлөвлөсөн засварын ажил хуваарийн дагуу явагдаж байгаа бөгөөд энэ нь улсын дотоодын зах зээлд шатахууны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн үзүүлэлтүүдийн биелэлтэд нөлөөлөхгүй, түүнийг тогтвортой, тасралтгүй хангахад хуримтлагдсан нөөц хангалттай” гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак сэтгүүлчидтэй уулзахдаа АИ-95 бензинийг эс тооцвол Оросын шатахууны зах зээлийн байдал ерөнхийдөө тогтвортой байгааг онцолсон байна. Түүний бодлоор, одоогийн байдлаар шатахууны зах зээл дээр “аймшигтай зүйл болоогүй” ч боловсруулах үйлдвэрийн засварын кампанит ажилд илүү анхаарал хандуулах шаардлагатай байгаа ажээ.

“Коммерсант” сонин өнгөрсөн Лхагва гарагт Оросын Засгийн газар дотоодын үнийн өсөлттэй холбоотойгоор дизель түлшний экспортыг хориглох асуудлыг хэлэлцэж байгаа талаар нэрээ нууцалсан хэд хэдэн эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

Ургац хураалтын үеэр тариаланчдын эрэлт их, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээ зэргээс шалтгаалан бөөний үнэ өсөх хандлагатай байдаг аж.

ОХУ өнгөрсөн намар дизель түлшний экспортоо хоёр долоо хоног орчим хугацаагаар зогсоосон. “Коммерсант” сонины иш татсан эх сурвалжийн нэг нь хэрэв үнэ огцом өсвөл дизель түлшний экспортыг хориглож магадгүй гэж мэдэгдсэн өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа юм.

ОХУ дизель түлшний дэлхийн хамгийн том экспортлогч бөгөөд жилд 35 сая тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн экспортлодгийн дийлэнх нь дизель түлш. Үүний бараг дөрөвний гурвыг дамжуулах хоолойгоор тээвэрлэдэг.

Европын холбоо 2023 оны хоёрдугаар сард Оросын нефтийн бүтээгдэхүүний импортод бүрэн хориг тавьснаас хойш дизель түлшийг Бразил, Турк, Африк, Ази, Ойрхи Дорнодын орнууд руу экспортлож, мөн хөлөг онгоцонд (STS) ачиж экспортолж буй ажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI