НОБГ:СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ГОЛ, УСНЫ ОСЛЫН УЛМААС 105 ИРГЭН АМЬ НАСАА АЛДСАН

GNNGNN
Jun 15, 2026  
 0
НОБГ:СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ГОЛ, УСНЫ ОСЛЫН УЛМААС 105 ИРГЭН АМЬ НАСАА АЛДСАН

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд гол, усны ослын улмаас 105 иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Үүний 83 нь насанд хүрэгчид, 22 нь хүүхэд байна.

Зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн иргэд Туул гол дагуу аялж, зугаалах нь нэмэгддэг. Үүнээс шалтгаалан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орох, мөн эцэг, эхийн хараа хяналт суларснаас бага насны хүүхэд усанд эндэх тохиолдол бүртгэгддэг.

Иймд аялал, зугаалгын улирал эхэлж буйтай холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас “Усыг бүү бас” аяныг улсын хэмжээнд эхлүүлээд байна. Уг аян гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд эрсдэлийг үл тоомсорлох бус, урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, дадал, соёлд суралцахыг иргэдэд уриалж байгаа юм.

Мөн нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 1500 орчим айл өрхөд Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчид мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, нийслэлд үерийн ус тогтдог 163 байршилд ус соруулах төхөөрөмжийг байршуулан бэлэн байдлыг хангаж ажиллаж буй.

Сүүлийн жилүүдэд иргэд гол, усанд орохдоо зориулалтын бус хийлдэг гудас ашиглах, хүүхдээ тоглуулах зэргээр эрсдэлд орох тохиолдол нэмэгдэж байна.Амьтны дүрстэй болон энгийн хийлдэг гудас нь аврах зориулалтын хамгаалах хэрэгсэл биш учраас хүүхдэдээ хэрэглүүлэхгүй байхыг зөвлөж байна” гэлээ.