Д.АМАРБАЯСГАЛАН СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫГ БОЛОВСНООР ШҮҮМЖИЛЛЭЭ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хотын дарга асан Х.Нямбаатарын хөндөж буй дэглэмийн асуудал, 2027 оны улсын төсвийн төсөл, МАН-ын дотоод хагарал, Бортээгийн орд зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр тэрбээр хандалт хөөсөн сэтгүүлзүйн салбарыг боловсноор шүүмжлэв.
Тэрбээр, “Улс төрийн хов живийг бүгдээрээ бага ярьдаг болмоор байна. Манай улстөрчид ч жижигхэн байна, хэвлэл мэдээлэл, сошиал орчинд гарч байгаа жижиг сажиг мэдээллээс болж бие биедээ гомддог, туньдаг, харддаг байдал ч засагдахгүй яваад байна. Тиймээс нийгмийн ёс суртахуун, соён гэгээрлийг дээшлүүлэх үүргийг улстөрчид, урлаг соёл, спортын алдартнууд, хэвлэл мэдээлэл хамтдаа биелүүлж, анхаарах хэрэгтэй. Улстөрчдийн алдаа дутагдлыг ил тод шүүмжилдэг, ололт амжилтыг нь дэмжиж, урамшуулдаг байдал зайлшгүй чухал. Тэгэхээр та бүхэн хов живийн шинж чанартай жижиг сажиг хэрүүлийг битгий сурвалжилж бай. Цааш нь битгий дэвэргэн, хөгжүүлж бай.
1990-ээд оны үед чөлөөт хэвлэл буюу шар хэвлэл нэлээд эргэлтэд орж байсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал муудчихсан, ард нийтийн төр засагтаа итгэх итгэл суларчихсан байх үед иргэд шар мэдээллийг голчилж сонирхдог байсан. Энэ цаг үе эргээд давтагдаж байгаа мэт санагдаж байна. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал тааруу, ард иргэдийн амьдралын чанар сул байгаа энэ үед хов живийн шинжтэй мэдээллийг хэвлэлүүд бага түгээдэг байвал улс нийтээрээ эрүүл байх боломжтой болов уу” гэв.
Түүний хэлж буй ч үнэний ортой. Сүүлийн жилүүдэд монголын хэвлэл мэдээллийн салбар өргөжин тэлэхийн хэрээр хэвлэл мэдээллийн байгууллагууд хандалтын төлөө ширүүхэн өрсөлдөж буй.
Мэдээллийн хэрэгслүүд нийгэмд хэрэгтэй, чухал мэдээллийг эрэн сурвалжилж, тайлбарлан хүргэхээс илүүтэй хүн тойрсон хов жив, хэрүүл маргаан, дуулиан шуугиан, хандив, уянгын халилаар хандалтаа өсгөхийг чухалчлах болжээ. Иргэдийг мэдээллээр хангах ёстой хэвлэл мэдээлэл нь өөрсдөө мэдээллийн шүүлтүүргүй, зүгээр л урсгалын нэг хэсэг болбол нийгэм мэдлэгжих бус улам төөрөгдөлд орно.
Эдийн засаг хүндэрч, улс төрд үл итгэх байдал газар авсан энэ үед мэдээллийн хэт их урсгал нийгэмд хэрхэн нөлөөлж байгааг бид нухацтай судлах хэрэгтэй. Магадгүй ийм нөхцөлд иргэд төөрөгдөлд орж, үнэн бодит мэдээллийг ялгаж танихад хүндрэлтэй болдог байх. Тиймээс сэтгүүлчид нөхцөл байдлыг бодитойгоор тайлбарлаж, олон нийтийг тэнцвэртэй мэдээллээр хангах учиртай.
Магадгүй олны анхаарлыг татаж, хандалт цуглуулах нь мэдээллийн байгууллагуудын бизнесийн зорилго байж болох ч иргэдэд бодит байдлыг ойлгуулах нь сэтгүүл зүйн нийгмийн үүрэг юм.
